Эрүүл мэндийн 93 төсөлд тэтгэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн 93 төсөлд тэтгэлэг гардууллаа

Монголын Мянганы Сорилтын Сан (ММСС)-гийн Эрүүл мэндийн төслөөс зарласан “Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах” Тэтгэлэгт Хөтөлбөрт шалгарсан байгуулагуудад тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Гадаад Харилцааны Яамны “Номин” танхимд  болж төрийн болон төрийн бус мөн хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургууль, хандивлагч байгууллага, тэтгэлгийн хөтөлбөрт шалгарагсдын төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцов.

2012 оныг дуустал жилдээ 2-3 удаа зохион байгуулагдах Тэтгэлгийн хөтөлбөрийн эхний шатанд хот, хөдөө орон нутгаас  1354 байгууллага, хувь хүмүүс төслийн санал ирүүлснээс 2-р шатанд 310 оролцогчийг  дэлгэрэнгүй төсөл  бичиж ирүүлэхийг урьж, 209 төсөл хүлээж авч, “Төслийн санал үнэлэх бие даасан баг” зохих шалгуурын дагуу үнэлгээг хийсэн юм.

Нийт  856,175  ам.долларын  тэтгэлгийг хот хөдөөгийн  төрийн болон төрийн бус мөн хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиудыг   хамарсан нийт 93 төсөлд олгохоор шийдвэрлэсэн  байна.
 Тэтгэлгийн хөтөлбөрийн батламжийг Монгол улсын Эрүүл мэндийн Сайд С.Ламбаа, Дэд сайд Ж.Цолмон, ММСС-гийн Гүйцэтгэх захирал С.Баярбаатар, АНУ-ын Элчин Сайд, ноён Жонатан Эдлтон, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд,  Оролцогч талуудын хорооны дарга Б.Туяа, Эрүүл Мэндийн төслийн захирал А.Мөнхтайван нарын албаны хүмүүс гардууллаа.

Монголын нийт хүн амын өвчлөл, нас баралтын голлох шалтгаан болж буй  цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хорт хавдар өвчнөөс  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээ үйлчилгээний олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон зам тээврийн  осол гэмтлээс сэргийлэх эмнэлгийн  яаралтай тусламжийг  хүн амд шуурхай хүргэхэд  “Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах” төслийн үндсэн үйл ажиллагаа чиглэдэг юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж