ГИХАЭГ шинэ нэр, бүтцээр ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

ГИХАЭГ шинэ нэр, бүтцээр ажиллаж эхэллээ

Хилийн боомтын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын нэр, бодлого, үйл ажиллагаа өөрчлөгдөж байна. Одоо тус газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар /ИХШХЕГ/ болсон бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хийлээ. Нээлтийн ажиллагаанд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж болон албаныхан оролцсон юм.
УИХ-ын 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны чуулганаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталж, өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хил хамгаалахын ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг ИХШХЕГ-т шилжиж байгаа юм.

ИХШХЕГ нь одоо Хил хамгаалах албаны нийлсэн 600 орчим албан хаагчтайгаар баруун, зүүн, өмнөд, хойд бүс, Буянт-Ухаа, Сэлэнгэ, Дорноговь аймагт бие даасан газрууд байгуулан хилийн хяналт шалгалт хийж, иргэдэд үйлчилж эхэлж байна.

Тухайлбал,

-Ерөнхий газар

-Буянт-Ухаа

– Дорноговь аймаг

-Сэлэнгэ аймаг /Сэлэнгэ, Дархан/,

-Зүүн бүс дэх газар /Дорнод, Сүхбаатар,  Хэнтий/,

-Өмнөд бүс дэх газар /Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр/,

– Баруун бүс дэх газар /Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай/,

-Хойд бүс дэх газар /Хөвсгөл, Орхон, Архангай, Булган/ ажиллах ажээ.

Хуучнаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар урьд нь зөвхөн гадаад иргэний асуудлыг хариуцдаг байсан бол Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болж өргөжсөнөөр монгол, гадаад иргэний аль алины асуудлыг хариуцах болж байгаа юм. Үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг танилцуулбал,

-Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж, бүртгэлийн нэгдсэн сан байгуулах,

-Монгол Улсын иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжлах,

-Гадаадын иргэнийг Монголын хилээр  орж ирсэнээс хойш гарах хүртэл хяналт тавих,

-Гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх,

-Монгол Улсад зорчих гадаадын иргэнд виз олгох үүргийг тус тус хүлээх юм байна. Ийнхүү хилийн шалган нэвтрүүлэх тогтолцоонд өөрчлөлт хийх болсон нь хил дээрх ажил, үүргийн давхардлыг арилгах, улсын хэмжээнд маш цөөн буюу 600 орчим албан хаагчтайгаар ажиллах болж буйг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нээлтийн үеэр хэлсэн юм.

Түүнчлэн 2016 он гэхэд “Э-иммигрэйшн” төслийг хэрэгжүүлж дуусгах бөгөөд ингэснээр гадаад иргэд Монголд зорчих визээ цахимаар захиалах, хариугаа авах боломжтой болж, албан хаагчид болон гадаад иргэдийн цаг хугацааг хэмнэх ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж