Испанийн хөлбөмбөгийн дээд лигийг 76 оноотой “Атлетико Мадрид” тэргүүлж, 75 оноотой “Барселона” нэхэж буй юм. Хоёр баг нэгдүгээр сарын 11-нд учраа таарч, гоолгүй тэнцсэн. Мөн өнгөрсөн 2013 оны Испанийн “Супер цом”-ын тэмцээний шигшээд учраа таарч, хоёр тоглолтод “Атлетико Мадрид” багийн талбайд 1:1, “Барселона” багийн талбайд 0:0-ийн харьцаатай тэнцсэн. Айлын талбайд гоол оруулсан гэдэг утгаараа “Барселона” Испанийн “Супер цом”-ын тэмцээнд түрүүлсэн юм. Нэг үгээр 2013-2014 оны улирал эхэлснээс хойш хоёр баг гурван удаа тэнцсэн байна. Гурван тоглолтод ердөө хоёр гоол орсон. Энэхүү үзүүлэлтээс харвал хоёр багийн тоглолт гоол цөөтэй болох магадлалтай.
Тоглолтын өмнө “Барселона” багийн дасгалжуулагч Херардо “Тата” Мартино:
-“Атлетико Мадрид” төгс сайн тоглож байгаа. Мөн биеийн хүчний тоглолтыг давамгайлдаг. Тиймээс бид тоглолтын эхнээс удирдаж тоглох ёстой. Гоол оруулахын төлөө урагшаа довтолж тоглоно. Гэхдээ хамгаалахаа ч мартахгүй ёсгүй. Бид талбайдаа гоол алдахгүйг хичээн тоглоно гэдгийг онцолсон байна.
Харин “Атлетико Мадрид” багийн дасгалжуулагч Диего Симеоне:
-“Барса” цаг үргэлж сайн тоглож байна. Тэд “Аваргуудын лиг”-ийн асар их туршлагатай, иймэрхүү тоглолтод бэлэн байдаг баг. Өнөөдрийн тоглолт тун хүнд байх нь тодорхой гэжээ.
Мөн өнөө шөнийн тоглолтод “Атлетико Мадрид” багийн мэргэн бууч Диего Коста оролцохгүй гэсэн мэдээлэл гарсан байна. Үүнийг дасгалжуулагч Диего Симеоне “Бүх шийдвэрийн хариулт эмч нараас шалтгаална. Гэхдээ Диего Коста тоглохгүй байх аа” гэсэн байна.
“Атлетико Мадрид” баг “Примера Дивисион” лигийг 76 оноотой тэргүүлж байгаа. Энэ жил тэдний хувьд тун онцгой улирал өнгөрч байгаа юм. “Атлетико Мадрид” лигтээ хамгийн сүүлд 1995-1996 оны улиралд 87 оноо авч байжээ.
Английн “Манчестер Юнайтед” хамгийн хүнд мөртлөө тун азтай сугалаа татсан. Учир нь энэ улирлыг тун тааруу өнгөрөөж буй “Манчестер Юнайтед” “Байерн Мюнхен” багт хожигдвол төдийлөн шүүмжлэл багатай өнгөрнө. Харин хожвол шуугиан тарих болно. Өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-ийн аварга “Байерн Мюнхен” баг энэ улиралд мөн л түрүүлэхийн төлөө төгс гэмээр тоглолтыг үзүүлж байна. “Байерн” Германы хөлбөмбөгийн дээд лиг “Бундеслиг” өндөрлөхөөс долоон тойргийн түрүүлэх болзлоо биелүүлж, “Аваргуудын лиг”-т хамаг анхаарлаа төвлөрүүлээд байна.
Тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр “Байерн Мюнхен” багийн дасгалжуулагч Пеп Гуардиола:
-“Манчестер Юнайтед” баг бүхэл улирлын турш лигтээ муу тоглож байгааг мэдэхгүй юм. Гэхдээ биднийг ганц, хоёр тоглолтод хожиж чадах хэмжээний хүчирхэг баг. Тиймээс тун хянуур тоглох ёстой гэжээ.
Харин “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч Дэйвид Мойес:
-Би багийнхаа залууст үнэхээр итгэж байна. Бид үүнийг зөвхөн шалгалт гээд л даваад гарах учиртай. “Байерн” бол сайн баг. Гэхдээ бид ч бас сайн баг гэдгийг онцолсон байна.