ОХУ-ын Засгийн газар Крымд хуралдав

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Засгийн газар Крымд хуралдав

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев тэргүүтэй Засгийн газрын сайд нар өчигдөр /III.31/ Крымд очжээ. Дмитрий Медведев Симферопол хотноо Крымын захирагчдыг оролцуулан Засгийн газрын хуралдаан хийсэн байна. ОХУ-ын зүгээс Крымын хойгийг эдийн засгийн онцгой бүс, аялал жуулчлалын төв болохоор зарласан билээ. Энэ хүрээнд ОХУ-ын Засгийн газраас  Крымд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нөхцөлийг бүрдүүлж, ундны усаа Украинаас авахыг зогсоож, зам, төмөр зам, нисэх буудлуудыг сайжруулах, эрчим хүчний сүлжээг хамгаалах, цалин, тэтгэврийг нэмэх зэрэг ажил хийх гэнэ. Түүнчлэн Крым ОХУ-д нэгдсэнээр Кремлиэс татаас авч, зарим төрлийн татвараас чөлөөлөгдөж, их хэмжээний хөрөнгө оруулалт авах аж.

Крымын хойгийн эрчим хүчний 85 хувь, ундны усны 90 хувь нь Украинаас хараат гэнэ. Мөн ОХУ-д нэгдэхээс өмнө Крымын хойгт жилд 6-8 сая жуулчин ирдгийн 60 хувь нь украинчууд байжээ. Үүний зэрэгцээ гадаадын иргэд Крымын хойгт аялах тохиодолд ОХУ-ын виз авах болсныг даваа гаригт /III.31/ албаныхан мэдэгдлээ.

Крымын хойг өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд бүх нийтийн санал асуулгаар Украинаас салж, ОХУ-д нэгдээд буй юм. Харин Украин, Европын холбоо, НҮБ, АНУ нарын зүгээс Крымын хойгийн санал асуулгыг “хууль бус” хэмээн зарлаж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ.

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбоонд нэгдэхээс татгалзсаны улмаас ард иргэдийн эсэргүүцэлтэй тулж, суудлаасаа буун, ОХУ-руу зугтсан юм. Ийнхүү Украинд өнгөрсөн хоёрдугаар сард засаг солигдож, сөрөг хүчнийхэн эрх барих болсон юм. Гэвч Украины шинэ Засгийн газрыг Крымын хойг болон ОХУ-ын зүгээс эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж