Мьянмарын сэтгүүлчид туршлага судалж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

Мьянмарын сэтгүүлчид туршлага судалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар EBI хүрээлэнгээс зохион байгуулж буй Мьянмарын сэтгүүлчдийн уулзалт-сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Мьянмарын холбооны улсын нэр хүнд, нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн 20 сэтгүүлч Монгол Улсын ардчиллын арга, туршлагаас суралцах сургалт-уулзалт тав хоног үргэлжлэх юм. Мьянмарын сэтгүүлчдэд өчигдөр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Ардчилсан шинэ үндсэн хууль, чөлөөт сонгууль” сэдвээр лекц уншиж, харилцан ярилцжээ. Мөн Ашигт малтмалын хуулийн талаар лекц сонссон байна.

Тэгвэл өнөөдөр Мьяанмарын сэтгүүлчдэд Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар өмч хувьчлал, зах зээлийн эдийн засаг, үнийн бодлогын асуудлаар лекц уншиж, харилцан ярилцлаа. Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар “1990 онд социалист тогтолцоотой, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, бүх өмч улсын мэдэлд байсан Монгол Улс хэрхэн зах зээлийн эдийн засагт шилжсэн, банкны тогтолцоог хэрхэн өөрчилж, үнэ чөлөөлсөн, чөлөөт худалдааг хэрхэн явуулсан” зэрэг сэдвийг лекцдээ онцолсон юм.

Мьяанмар улсын хувьд иргэд нь дэлгүүрийн үйлчилгээ эрхлэх боломжтой, газар өмчлөх, хувьчлах боломжтой, компани байгуулах эрх мэдэлтэй, гадаад оронд чөлөөтэй зорчих эрхтэй байгаа зэрэг нь 1990 оны үеийн Монгол Улсынхаас нөхцөл байдал давуу юм гэдгийг Мьянмарын сэтгүүлчид хэлж байлаа.  Монгол Улс 1990 онд улс төр, эдийн засаг, нийгмийн шилжилтүүдийг нэгэн зэрэг хийж, богино хугацаанд үр дүнд хүрснийг Мьянмарын сэтгүүлчид сонирхон, энэ талаар асуулт, тодруулга авч байсан юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж