Г.Шийлэгдамба: Интерполтой хэн ч харилцаж болно

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

Г.Шийлэгдамба: Интерполтой хэн ч харилцаж болно

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр болж, түүний улстөрийн албан тушаал хаших эрхийг хоёр жилээр хасах, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах шийдвэр гаргасантай холбогдуулж өнөөдөр МАХН-аас мэдээлэл хийлээ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Шүүхийн процесс дуусаагүй, давж заалдах шатны шүүхэд хандана. Анхан шатны шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан нь хаврын улстөрийн синдромыг улстөрийн хэлмэгдүүлэлтээр эхлүүлэхийг оролдсон үйлдэл гаргаж байна уу гэж хардахаас аргагүйд хүргэж байна” хэмээн мэдэгдлээ.

Мөн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян интерполд хандсан нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж тэрбээр тодотголоо. Эл асуудлын хүрээнд сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авсныг хүргэе.

-Дэд сайд Э.Эрдэнэжамъян Интерпол руу захиа бичсэн нь намын зүгээс өгсөн шахалт байсан уу?

-Интерпол гэдэг байгууллагатай хэн ч харилцах бүрэн боломжтой. Энэ ширээн дээр сууж байгаа надад ч харилцах бололцоо бий, ширээний цаана сууж байгаа та бүгдэд ч бий. Хэрэгтээ тэр хүн Интерполд саналаа л хүргүүлсэн. Тодруулж хэлбэл, Монгол Улсын улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байгаа улстөрийн хэргийн цаанах улстөрчтэй холбогдолтой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрийг нь мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзэн, энэ хэргийг анх үүсгэсэн. Албан тушаалын хэрэг гэж өмнөх шүүх хурал дээр улсын яллагчийн зүгээс  танилцуулж байсан. Явцын дүнд албан тушаалын хэрэг нь алга болж, мөрдөн байцаалтын шатанд саад учруулсан байж болзошгүй хэмээн үзсэн. Хамгийн тодорхой зүйл бол Интерполын зүгээс хариу бичиг ирүүлэхдээ улаан шугамд заагдсан хүмүүсийг хассан тухай нь Э.Эрдэнжамъяны бичсэн захидалтай холбоогүйг удаа дараа нотлоод байгаа. Тэгэхээр дарамт бол намын зүгээс биш улстөрийн нөхцөл байдлыг хурцатгах гэсэн, бидний хэлж заншсанаар хаврын синдромыг шүүхээр эхлүүлэх гэсэн улстөрийн агуулга энэ бүхний цаана байдаг юм биш байгаа гэсэн ойлголт төрүүлж байгаа.  Нөгөө талдаа улстөрийн хэлмэгдүүлэлт үргэлжлээд байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа.

Шүүх хуралдаанд оролцсон хүний хувьд хоёр зүйл дээр эргэлзээ төрснөө нуулгүй хэлье. Эхнийх нь Иргэний нэхэмжлэгч гэж хүн оролцсон,  тэр нь Авлигатай тэмцэх газрын хүн байсан нь эргэлзээ төрүүлж байгаа. Шүүхийн тогтоолд улстөрийн албан тушаал эрхлэх хугацааг нь нь хоёр жилээр хассан нь улстөрийн хэрэг гэдгийг нь илэрхийлсэн шинж агуулагдаж байгаа. Гэхдээ шүүхийн эцсийн шатанд шийдэгдэх хүртэл асуудал тодорхой болох болов уу.

-Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээвэл яах вэ. МАХН-ын зүгээс ямар нэг алхам хийх үү?

-Дээд шүүх буюу давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг цагаатгана гэсэн итгэл үнэмшил байна. Тийм учраас энэ итгэл үнэмшлийнхээ хүрээнд дээрх шийдвэр гарсны дараа Монгол Улс улстөрийн зорилгоор хэлмэгдүүлдэг байдалд ахиц дэвшил гарч байна гэдэг талаас бодож байгаа болохоос биш эсрэг талаараа шийдэгдвэл бид ямар нөхцөл байдлаар ажиллах тухайд төлөвлөсөн зүйл алга.

-Хяналтын шатны шүүх хурал зарлагдаагүй шийдвэр гараагүй байхад МАХН-ын зүгээс ийм байр суурь илэрхийлж байгаа нь эргээд шүүх байгууллагад нөлөөлөх гэсэн оролдлого биш биз?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд бидний байр суурийг сонсъё гэж асуудал тавьсан. Тийм учраас бид байр сууриа илэрхийлж байгаа. Э.Эрдэнэжамъян сайдын хувьд давж заалдана.

-УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д айлчлах үеэрээ Н.Энхбаяр даргатай уулзсан гэх мэдээлэл байгаа. Эл асуудлаар танд мэдээлэл байна уу?

-Энэ талаар албан ёсоор бид мэдэгдэх боломжгүй. Яагаад гэвэл хувь хүмүүсийн хооронд хийсэн уулзалт байхыг үгүйсгэх аргагүй. УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба энэ талаар албан ёсоор байр суурь илэрхийлээгүй, манай намын хувьд ч төлөвлөгдсөн уулзалт биш учраас энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хэрвээ уулзалт болсон бол хүмүүсийн хооронд болсон уулзалт,  түүнийг нь албан ёсоор мэдээлэх боломжгүй л дээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж