Мьянмарын сэтгүүлчид Монголын туршлагыг судалж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Мьянмарын сэтгүүлчид Монголын туршлагыг судалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачлагаар EBI хүрээлэнгээс зохион байгуулж буй Мьянмарын сэтгүүлчдийн уулзалт-сургалт өнөөдөр эхэллээ. Мьянмарын холбооны улсын хамгийн нөлөө бүхий хэвлэл, мэдээлийн хэрэгслүүдийг төлөөлсөн 20 сэтгүүлч уг арга хэмжээнд хамрагдаж байна. Тэдний сургалт тав хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын ардчиллын туршлага, шилжилтийн үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, ардчилсан, чөлөөт сонгууль явуулж парламентын засаглал тогтоосон, ардчилсан Үндсэн хуулийг баталсан үйл явц, өмч хувьчлалыг хэрхэн зохион байгуулсан, уул уурхайн салбарын хөгжил зэрэг өнгөрсөн 24 жилийн туршлагыг судлахаас гадна шүүхийн шинэтгэл, мөнгө санхүүгийн бодлого, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөө зэргийн өнөөгийн байдлын талаар лекц сонсч, харилцан ярилцах юм.

Сургалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Алс холоос ирсэн Мьянмарын холбооны улсын сэтгүүлчид та бүхнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд анх байгуулагдсан Иргэний танхимд тавтай саатан морилохыг урьж байна.

Монгол Улсад анхны ардчилсан цуглааныг 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд хийсэн. Сая та бүхэн Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг баталсан тухай баримтат кино үзлээ. Монгол Улс өнгөрсөн 24 жилд улс төр, эдийн засгийн хос шилжилтийг тайван замаар амжилттай хийсэн. Тайван замаар хувьсгал хийхэд ардчилсан Үндсэн хууль маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ардчилсан сонгуулийн зарчмаар парламентын засаглал тогтоосон.  Өмнөх нийгмийн үед Монгол Улс ганц намтай, нам төвтэй төртэй байсан. Түүнийг олон намын тогтолцоогоор сольсон. Ардчилсан хувьсгал хийхдээ монголчууд нэг ч дусал цус гаргаагүй, нэг ч цонх хагалаагүй” гээд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг анхны лекц уншихыг урилаа.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат анхны ардчилсан Үндсэн хууль, анхны ардчилсан чөлөөт сонгуулийн талаар Мьянмарын сэтгүүлчдэд лекц уншив. Мьянмарын сэтгүүлчид ардчилсан хувьсгал хийх үед Монгол Улс цэрэг армитай байсан эсэх, яагаад хувьсгал тайван замаар болсон талаар сонирхон асууж байв. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэдний асуултад хариулахдаа “1990 оны үед Монгол Улс өөрийн үндэсний армитай, ЗХУ-ын цэрэг Монголын нутаг дэвсгэр дээр байсан ч цэргийн хүчийг ардчилсан хувьсгалд огт оролцуулаагүй. Иргэд, иргэний хөдөлгөөн уг хувьсгалыйг хийсэн. Ардчиллын утга учир, үнэ цэнийг иргэдэд сайтар ойлгуулж чадсан. Үүнд Монголын сэтгүүлчдийн үүрэг их байсан. Ардчиллыг хийж, гүнзгийрүүлэхэд гол хүч нь хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчид байсан. Хэвлэл, мэдээллийн байгууллага үүргээ сайн гүйцэтгэсэн. Монголын ард түмэн эв нэгдэлтэйгээр ардчилсан хувьсгалыг богино хугацаанд, тайван замаар амжилттай хийж, ардчилсан шинэ Үндсэн хуулийн дэмжлэгтэйгээр ардчиллаа бэхжүүлж чадсан. Улс төрийн өөрчлөлтийг эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтэй нэгэн зэрэг хийж чадсан”  гэж байлаа.

Мьянмарын сэтгүүлчид өнөөдөр мөн Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн талаар лекц сонсов.

Эх сурвалж:www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж