Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажиллаж, өр хуримтлагдсаар одоо 65 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай болоод байна. Өнгөрсөн жилийн долдугаар сард мөн энэ хэмжээний өртэй байсан бөгөөд эрчим хүчний “ухаалаг” хэрэглээнд шилжүүлж, үнэ тарифыг нэмэгдүүлсэн. Үнэ нэмэхлээ хэрэглэгчдийг ангилан үнийг харилцан адилгүйгээр тогтоосон. Ийнхүү “ухаалаг” хэрэглээнд шилжүүлснээс хойш 37 тэрбум төгрөгийн алдагдлыг бууруулсан ч ам.долларын ханшийн савлагаанаас хамаарч зардал өсч, алдагдал эргээд нэмэгдсэн талаар албаныхан учирласан юм.
Тиймээс эрчим хүчний алдагдлыг бууруулахын тулд Эрчим хүчний зохицуулах хороо Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/ -тай хамтран ажиллахаар болсон байна. Энэ хүрээнд өнөөдөр талууд хамтран ажиллах гэрээг үзэглэсэн бөгөөд энэ нь эрчим хүчний салбарын алдагдлыг багасгаж, хяналт шалгалтыг сайжруулах зорилготой юм байна. Гэрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Ажлын албаны дарга Э.Самдан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал нар гарын үсэг зурсан юм. Гэрээ нь энэ оны туршид үйлчлэх бөгөөд дөрвөн үндсэн ажлыг хамтран хийх ажээ.
-Эрчим хүчний тухай хууль, эрх зүйн орчинг сайжруулах- Нэгдсэн сүлжээний дүрэмд өөрчлөлт оруулах, салбарын эрх зүйн орчин ба нормативын баримт бичгийг шинээр болон шинэчлэн боловсруулахад хамтрах,
-Хамтарсан хяналт шалгалтыг эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хийх–Компаниудын санхүү болон үйл ажиллагаанд нь хяналт тавих, хууль дүрмийн хэрэгжилтийг шалгах,
-Мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах
-Салбарын хууль, дүрэм, стандартыг сурталчлах тухай тусгажээ.
Эдгээр ажлуудыг хэзээ хийж эхлэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяраас асуухад, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээг өмнө нь төлөвлөж байсан ч эхний улиралдаа амжлаа. Тэгэхээр хоёрдугаар улирлаас буюу ирэх сараас мөрдөж, дээр хэлсэн ажлуудаа хийж эхэлнэ” гэж хэлсэн юм.
Ийнхүү өнөөг хүртэл эрчим хүчний салбар зардал, өртөг зардал ихтэйн улмаас алдагдал хуримтлагдсаар иржээ. Тиймээс эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй компаниудын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны стандартыг зөвхөн нэг талын албаны мэдээллээр шалгуулах биш, тал бүрийг хамтатгахаар болсон байна. Үүн дээр үндэслэн цаашдаа Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар бодлогын хүрээнд зохицуулалт хийх ажээ.