
Хаясан, гээсэн цахим үнэмлэхээ ТҮЦ машин, интернэтээр захиалдаг үйлчилгээг ойрын хугацаанд нэвтрүүлнэ. Энэ ондоо багтааж анхан шатны нэгж болох хорооноос бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг болох юм байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-н гэхэд эхний ээлжинд нийслэлийн 42 хорооноос улсын бүртгэлийн 16 төрлийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Бичиг баримтыг иргэний захиалгын дагуу гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Одоогоор баталгаат шуудангаар дамжуулан гадаад паспортыг хаягаар хүргэж байна, цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг иргэний хүсэлтээр хаягаар нь хүргэдэг болгоно гэж УБЕГ-ын удирдлагууд онцоллоо. Мөн төрсний болон гэрлэлтийн гэрчилгээнд кирилл, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийдэг болсон нь тус байгууллагын хэрэгжүүлсэн бас нэг шинэ ажил. Энэ ажлын хүрээнд 161 мянга 752 нэр бүхий уйгаржин бичгийн толь үүсгэсэн байна. УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж “Энэ мэтчилэнгээр үйлчилгээгээ цахимжуулахад өнгөрсөн онуудад анхаарлаа. Харин энэ онд эрх зүйн дорвитой шинэтгэл хийнэ. Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийн хууль тогтоомжуудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Бүртгэлийн үйлчилгээ цахим байх, бүртгэл хийлгэхэд иргэнээс шаарддаг бичиг баримтын тоог цөөлж үйлчилгээний шат дамжлага, цаг хугацааг багасгах, бүртгэлийн үйлчилгээнд төрийн бус байгууллагын оролцоог нэмэхэд эрх зүйн шинэчлэлийн гол зарчим чиглэсэн” гэлээ.