iPad-ын борлуулалт гурван саяас давлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

iPad-ын борлуулалт гурван саяас давлаа

Та алдарт Apple-ын бүтээгдэхүүнд дуртай, дургүйгээс үл хамааран тэд хит бүтээгдэхүүнийг зах зээлд мэдрэмжтэйгээр гаргаж чаддаг гэдгээ дахин баталлаа.

Стив Жобсоор удирдуулсан Apple компани өдгөө дэлхийн технологийн салбарт аль ч компанийн хүрч чадаагүй амжилтын оргилд гараад байгаа юм. Хэсэг хугацаанд компанийн ажлаа орхиж, эмчилгээ хийлгэж байгаад албан тушаалдаа эргэн ирсэн ноён Жобс энэ оны нэгдүгээр сард iPad таблетыг анхлан дэлхий нийтэд танилцуулж байсан билээ. Улмаар iPad-ын Wi-Fi хувилбар дөрөвдүгээр сарын 3-нд, 3G хувилбар нь мөн сарын 30-нд зөвхөн АНУ-ын хэмжээнд худалдаанд гарсан бөгөөд тавдугаар сарын 28-нд дэлхийн нээлтээ хийсэн юм.

Асар богино хугацаанд нэг сая болон хоёр сая хувийн босгыг давсан Apple iPad таблет зарим шинжээчдийн үзэж буйгаар он дуусахад найман сая хувь борлогдсон байх гэнэ.

Apple компанийн мэдэгдсэнээр өнгөрсөн даваа гаригийн байдлаар буюу анх худалдаанд гарснаас хойш ердөө 80 хоногийн дотор iPad-ын борлуулалт гурван сая хувьд хүрсэн байна. Энэхүү таатай мэдээллийг талаар тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс “Хүмүүс iPad-д маш ихээр татагдаж байна. Тэдний өдөр бүр гартаа бариад явдаг байнгын хэрэглүүр нь болж чадсанд бахархаж байна” гэжээ.

iPad таблет компьютер технологийн салбарын зах зээлд тэсрэлт хийснээс хойш олон өрсөлдөгч компаниуд iPad-ын ноёрхлыг зогсоохоор өөр өөрсдийн гэсэн iPad хувилбарыг танилцуулж байгаа. Гэхдээ одоогоор албан ёсоор худалдаанд гарсан нь ховор байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж