Үндэсний дээд лигийн гурван удаагийн аварга, "Эрчим" багийн тамирчин, Волейболын спортын мастер Т.Отгонтөгстэй ярилцлаа.
-Волейболын спортоор хэзээнээс хичээллэж эхлэв. Бусад спортууд дундаас яагаад волейболыг сонгох болов?
-Намайг хүүхэд байхад Бэрх хотод волейболын спорт их хөгжиж байсан. Ер нь бусад сумдуудыг бодвол манай тосгонд энэ спорт их өргөн дэлгэр хөгжиж байсан нь нөлөөлсөн. Мөн дээд үеийн сайн тоглодог ах нараа дагаж энэ спортоор зургадугаар ангиасаа эхлэн хичээллэж эхэлсэн дээ.
-Анхны багш тань ямар хүн байв. Мэдээж үндэс суурийг нь зөв тавьж чадсан учраас олон жил амжилттай тоглож байгаа байх?
-“А” үсгийг спортын мастер Лувсандорж багшаар заалгаж байлаа. Багш маань одоо бурхан болсон л доо. Түүний нэрэмжит тэмцээн жил болгон Бэрх хотод болдог. Ямар сайн дасгалжуулагч байсныг манай Хэнтий аймгийнхан бүгд мэднэ. Багшийн маань нэрэмжит тэмцээн уламжлал болоод 14 жил болж байгаа шиг санагдаж байна. Үүний аравт нь би дээд лигийн багаараа очиж түрүүлж байсан. Энэ жил ирэх зургаадугаар сарын 20-иор болно гэсэн. Мөн л Монголын шигшээ багийнхнаа авч очно доо.
-Дээд лигт хэзээнээс эхлэн тоглов?
-Анх 1998 онд аравдугаар ангиа төгсч ирээд “Уурхайчин” клубт найман жил тоглоод үүний дараагаас “Эрчим” багт одоог хүртэл тоглож байна.
-Дээд лигт тоглож байхдаа ямар ямар амжилт үзүүлж байв.Тэднээс дурдвал?
-“Уурхайчин” багт байхдаа 2001, 2005 оны лигийн аварга болж байсан. Харин “Эрчим” багт орсноосоо хойш 2013 оны намрын тэргүүнд анх удаагаа аварга болсон. Түүнээс өмнө манай баг мөнгөн медаль хоёр удаа, хүрэл медаль хоёр удаа хүртэж байсан.
-Хэдэн онд спортын мастер болж байсан бэ?
-2005 онд “Уурхайчин” баг маань үндэсний дээд лигт аварга болж тэр ондоо спортын мастер цол хүртэж байсан.
-Хэнтий аймгийн 800 гаруй тамирчдыг хамарсан “Алтан цом” анхдугаар наадам спортын таван төрлөөр зохиогдох гэж байна. Энэ талаарх таны сэтгэгдэл. Өмнө нь та нарыг оюутан байхад тэмцээн зохиогдож байсан уу?
-Мэдээж сэтгэгдэл өндөр байлгүй яахав. Миний хувьд энэ тэмцээнд маш их ач холбогдол өгч Бэрх хотынхоо сагс, волейболын багаа дасгалжуулан оролцоно. Би 1998 онд аравдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод орж ирсэн. Түүнээс хойш миний мэдэхийн ийм том наадам анх удаагаа зохиогдох гэж байна. Сайхан болно гэдэгт найдаж байна.
-Бэрх хотын баг бүрэлдэхүүнд хэдэн мастер байна?
-Миний мэдэж байгаагаар спортын дэд мастер хоёр байгаа. Г.Сүхчулуун, Сүхбат гээд хоёр залуу тоглоно.
-Арван жилд сайн тоглож байгаад Улаанбаатар хотод ирээд учраа ололгүй волейболын спортоо орхиж буй Хэнтийн олон тамирчид байна. Тэдгээр залууст туслах бодол танд байдаг байх?
-Мэдээж байлгүй яахав. Улаанбаатарт ирж байгаа сайн тамирчдаа дээд лигт холбож өгнө. Өөрийнхөө клубт хүрээд ир гэж тамирчиддаа хэлдэг л дээ. Зарим нь ч ирээд байж байгаад явчихдаг, зарим нь ч ирдэггүй. Залуусаа дэмжилгүй яахав. Одоо ч дэмжээд л ажиллаж байна.
-Спортын хичээллэхийн давуу тал мэдээж олон шүү дээ. Бие бялдар болон хүмүүжлийн талаасаа?
-Спорт гэдэг ер нь агуу л даа. Бусад спортууд дундаас манай волейболын спорт илүү оюун шаардсан юм шиг санагддаг. Бие бялдрын хувьд мэдээж сайхан болно. Дээрээс нь багаар ажиллах чадвартай болно, хүнийг сайхан хүмүүжүүлнэ бас нийтэч, хамт олонч болгоно, муу зуршлаас хол байна. Төлөвшиж чаддаг учраас амжилтаа ч гэсэн зөв боловсон тэмдэглэж чаддаг болно. Аливаа нэг спортоор хичээллэж эхлэхдээ хичээлээ хажуугаар нь зохицуулж чадахгүй бол хичээллэж эхлэхийн хэрэг байхгүй гэж хэлмээр байна.
-Тэмцээнээр явахад тохиолдож байсан хамгийн хөгтэй дурсамжаасаа хуваалцвал?
-1998 онд цагаан сарын дараахан улсын аваргад Улаанбаатар хотод тэмцээнд ирээд өглөөний цайндаа нэг хэвийн боовыг дөрөв хуваагаад иддэг. Орой нь ирээд хоол хийх гэсэн ямааны махнаас өөр юмгүй. Хольц байхгүй. Тэгэхээр нь ямаааныхаа арьсыг үсний самаар самнаж ноолуурыг нь зараад гоймонтой болж байлаа. Бид нарын үед санхүү их хэцүү байлаа ш дээ. Өсвөрт хамт тоглож байсан бүх найзууд маань мэднэ дээ. Тэднээс дурдвал гэмтлийн их эмч Тэмүүжин, дуучин Амгаланбаатар, Базарсадын Болдбаатар гээд залуучууд байна.
-1998 оноос хойш гэхээр 16 жил дээд лигт тасралтгүй тоглож байна. Хүн болгонд байх чадвар биш гэж бодож байна л даа?
-Байнгын бэлтгэл сургуулилт хамгийн чухал. Үүнээс гадна тухайн хүний хувийн зохион байгуулалт бас чухал. Энэ спортдоо нилээд их сэтгэл зүтгэл гаргаж байж амжилтад хүрнэ. Ер нь спорт хүнээс золиос шаарддаг. Ар гэр, ажил төрөл бүрээ сайн зохицуулж чадах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
-Чамд ч гэсэн баярлалаа. Бэлтгэл хийж буй зааланд минь зорьж ирж ярилцсанд баярлалаа.
О.ЭРДЭНЭЧИМЭГ
Эх сурвалж: http://hanhentii.mn