Майкл Жексон нас барснаасаа хойш нэг тэрбумыг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Майкл Жексон нас барснаасаа хойш нэг тэрбумыг олжээ

Майкл Жексон нар барсан ч түүний орлого зогсоогүй бөгөөд жилийн өмнө нас барснаас нь хойш түүний нэрэн дээр нэг тэрбум ам.долларын орлого нэмэгдэж орсон байна гэж “Billboard” сэтгүүл мэдээллээ. Нас барснаас нь хойш Жексоны цомгуудын борлуулалтаас 383 сая ам.долларын орлого орсон бол түүний тухай хийсэн “This is it” киноны орлого бараг 400 сая ам.доллар хүрээд байна. Түүнчлэн хэвлэн нийтлэх эрхийг худалдсан, жуулчлалын орлого зэргээс нэмэлт орлогууд орсон байна. Мөн шинэ дууны бичлэгүүдийн гэрээг худалдсанаас 31 сая доллар олсон байна. “Sony Music Entertainment” компани ирэх долоон жилийн дотор талийгаач дуучны арван альбомыг гаргах гэрээ хийсэн бөгөөд тэр дунд өмнө нь гаргаж амжаагүй байсан нэг альбом багтаж байгаа юм байна.

Хэдийгээр Майкл Жексоны хийхээр төлөвлөж байсан “This is it” аялан тоглолт хэзээ ч болоогүй ч олон тооны фэнүүд нь зохион байгуулагчдад билетыг нь буцааж өгч мөнгөө авалгүй дурсгал болгон үлдээснээс 6.5 сая ам.долларын орлого олсон байна. Түүнчлэн Жексоны байгуулсан “Mijac” дуу бичлэгийн компанийн зах зээлийн үнэлгээ нь 150 орчим сая ам.доллараар үнэлэгдэж байна гэж “Billboard” сэтгүүлд өгүүлжээ. Энэ оны эцэс гэхэд “Mijac” компани 50 гаруй сая ам.долларын орлоготой ажиллах бололтой гэж тус сэтгүүл таамаглаж байна. Жексон өнгөрсөн оны 6 сарын 25-нд 50 настайдаа нас нөгчсөн юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж