Аваргууд аваргаа хамгааллаа, бусад нь дахиад нэг жил

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Аваргууд аваргаа хамгааллаа, бусад нь дахиад нэг жил

Туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод боллоо. “Хангарьд”-ын туялзуур сэлэмний клуб саяхан нээлтээ хийсэн учраас уг спортыг орон нутгийнханд сурталчлах үүднээс энэ жилийн тэмцээнийг Эрдэнэтэд зохион байгуулав. 2009 оноос хойш манай улсад хөгжиж буй туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгуулсан нь энэ. Харин эмэгтэйчүүд өнгөрсөн жилээс улсын аваргад өрсөлдөх болсон билээ. Тэмцээнд Б.Баттөмөр, Б.Гэрэлмаар нар дахин түрүүлэв. Харин бусад нь дахин нэг жил хүлээхээс өөр аргагүй болж байна. Тус тэмцээнээс хийсэн сурвалжлагыг хүргэе.

Б.Гэрэлмаа хошой аварга болсон нь

Энэ жилийн тэмцээнд эмэгтэй долоон тамирчин тойргоор өрсөлдөж, улмаар хамгийн өндөр оноотой зургаа нь хасагдах шатанд үлдсэн юм. Чансааг тэргүүлэгч Б.Гэрэлмаа өнгөрсөн жил түрүүлсэн учраас аваргаа хамгаалах гэж ирсэн нь ойлгомжтой. Хамгаалж ч чадсан. Улсын аваргад нэг түрүүлсэн тэрээр эмэгтэйчүүдээс анхны дэд мастер цол хүртэв. Улмаар энэ жилийн тэмцээнд дахин түрүүлж хошой аварга болсноор спортын мастерын болзол биелүүллээ. Гэхдээ түүний аварга болох зам тийм ч дардан байсангүй. Мэргэжилтнүүд түүнийг энэ жил түрүүлэх нь бараг тодорхой гэж урьдчилсан таамагласан. Гэтэл өсөх ирээдүйтэй тамирчин С.Энхжин аваргын замд саад хийх гэж оролдов. Өрсөлдөгч бүрээ амархан ялж байсан Б.Гэрэлмааг тэрээр зогсоож чадсан юм. С.Энхжингийн хувьд чансааг тэргүүлэгчдийг буулгаж авсан ч хасагдах шатанд тун хангалтгүй тоглож медалиас мултарсан Хэрвээ М.Жаргалмааг ялж чадсан бол түүний энгэрт медаль гялалзах байлаа. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. С.Энхжин шөвгийн дөрөвт үлдсэн тохиолдолд шинэ аварга төрөх боломж байсныг үгүйсгэхгүй. Ямар ч байсан тэрээр дэд мастер Б.Гэрэлмаагийн тулааны арга барилыг тун сайн судалсан юм шиг харагдсан. Тэгвэл мөнгөн медаль хүртсэн Б.Цолмон хоёр ялагдсаныг эс тооцвол финалд амархан гарч ирэв. Гэвч финалд өрсөлдөгчөө дийлсэнгүй. Харин хүрэл медалийн эзэн болсон М.Жаргалмаа, П.Урангоо нарын хувьд өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээрээ онцлог. Хэсгийн тоглолтод тийм ч сайн байгаагүй М.Жаргалмаа шийдвэрлэх тулаанд жинхэнэ чадвараа харуулж медальтай гэртээ харьсан юм. Энэ жилийн тэмцээнд манай шилдэг эмэгтэй тамирчид болох Э.Орхон, Б.Уянга нар гэмтлийн улмаас оролцоогүйг онцлоё. Хэрвээ тэд байсан бол медальтны байрлалд багагүй өөрчлөлт орох байсан биз.

Б.Баттөмөрийн барцадтай түрүү

Тэмцээн эхлэхийн өмнө хүмүүс өөрийнхөө мэдлэгийн хүрээнд түрүүлэх тамирчныг таамаглах гэж оролдсон. Олонхи нь Б.Баттөмөрийг нэрлэв байв. Эрэгтэйчүүдийн чансааг тэргүүлж буй тэрээр хоёр жил дараалан улсын аваргад түрүүлсэн. Энэ амжилтаараа Б.Баттөмөр туялзуур сэлэмээс төрсөн анхны спортын мастер болов. Гэвч тэрээр мастер цолоо гардсаны дараахан Н.Базарсад, Л.Шинэтулга нар дараалан ялагдсан нь бяцхан шуугиан дэгдээгээд амжлаа. Харин хасагдах шатанд тэрээр огт хий гаргасангүй. Энэ нь түүний онцлог, давуу тал аж. Дараалсан ялагдал нь Б.Баттөмөрт нэгийг бодогдуулж, улсын аваргад гурав дахиа түрүүлэх замыг нь засчээ. Хасагдах шатны тоглолтуудад тэрээр өөртөө тун итгэлтэй байсны хүчинд хүчтэй өрсөлдөгч нараа буулган авсан. Ялангуяа “Хангарьд”-д данстай болсон шинэхэн дэд мастер Б.Батхүүг. Шөвгийн дөрөвт эртний өрсөлдөгчид болох Б.Батхүү, Баттөмөр нар хоорондоо таарч оноо тэнцүү байсан ч эцсийн мөчид хошой аварга санаачилгыг гартаа авч тулааныг өөрийн талд эргүүлэв. Тэгвэл Э.Дөлгөөн, Б.Батхүлэг нарын хооронд ч сонирхолтой тулаан боллоо. “Тайж” группийн тэмцээнд түрүүлээд байсан Б.Батхүлэг шөвгийн дөрөв хүртэл тун итгэлтэй, дайчин байсан. Гэвч шийдвэрлэх шатанд гаргасан жижиг алдаанаас болж хүрэл медальтай үлджээ. Харин сагсан бөмбөгийн спортын мастер Э.Дөлгөөн ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулж аваргын төлөө шалгарч мөнгөн медаль хүртэв. Хэрвээ Б.Батхүлэг, Б.Баттөмөр нар финалд үлдсэн бол шинэ аварга төрж мэдэх л байсан байх. Улсын аваргаас баталгаатай медаль авна хэмээн таамаглаж байсан Ц.Жигжидсүрэн ганзага хоосон үлдэв. Тэрээр хэсгээс хамгийн сүүлийн байраар шалгарч, хасагдах шатанд энэ жилийн дэд аварга Э.Дөлгөөнд ялагдсан. Гэхдээ энэ ялагдалд шүүгчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн гэдгийг зориуд онцолж байна.

Улсын аваргын гол тулаануудыг сонжиход нэг иймэрхүү. Манай сэлэмчид ирэх наймдугаар сард Унгарын Будапешт хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Аваргууд ярьж байна

Улсын гурван удаагийн аварга, спортын мастер Б.Баттөмөр:

-Туялзуур сэлэмний анхны спортын мастер болсондоо баяртай байна. Мөн гурав дахь удаагаа улсын аваргадаа түрүүллээ. Сэтгэл санаа сайхан байна. Залуу тамирчдын ур чадвар жилээс жилд сайжирч, өрсөлдөөн улам ширүүн болж байгаад би хувьдаа баяртай байгаа. Энэ жилийн тэмцээн ч гэсэн маш өрсөлдөөнтэй боллоо. Цаашид ази болон дэлхийн аваргад оролцож амжилтаа ахиулах зорилготой. Үүнээс гадна 2016 оны олимпийн наадамд эх орноо төлөөлж оролцохыг хүсч байна. Энэ бол миний хамгийн гол зорилго. Тиймээс энэ бүхнийг биелүүлэхийн төлөө илүү их хичээх болно. Дэлхийн аваргаас өмнө нэг сарын дараа болох дэлхийн цомын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа.

Хошой аварга, дэд мастер Б.Гэрэлмаа:

-Миний хувьд энэ спортоор хичээллээд удаагүй байгаа. Хэдий тийм боловч амжилт арвин байна. Улсын аваргадаа хоёр жил дараалан түрүүлж, анхны эмэгтэй дэд мастер боллоо. Хамгийн эхний зорилго бол ази болон дэлхийн аваргаас медаль хүртэх.

“СПОРТЫН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж