
“Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ирэх дөрөвдүгээр сарын 8-нд хэлэлцэх тов гарчээ. Хэрэв давж заалдах шатны шүүхээс Ц.Мөнхбаяр нарыг цагаатгахгүй бол шүүгчдэгчдийн ар гэрийн 18-80 насны эмэгтэйчүүд шүүхийн гадна талбайд өлсгөлөн зарлахаар шийдсэн байна. “Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шударга байж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын нөлөөнд автахгүй байна гэдэгт найдаж байна. Хэрэв шүүхээс бидний хань ижил, аав, хүүг цагаатгаж суллахгүй бол шүүхийн гадна талбайд 18-80 насны эмэгтэйчүүд, эхчүүд, эмээ нар өлсгөлөн зарлахаар шийдээд байгаа. Шударга үнэн ялтал өлсгөлөнгөө үргэлжлүүлэх болно” гэж шүүгдэгч Ж.Ганболдын эхнэр З.Энхсайхан мэдэгдсэн юм.
Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн хэрэгт “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг шүүхээс буруутган 22 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жил, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон.
Д.ЖАРГАЛ