
Энэ оны гуравдугаар сард гол мөрний мөс цөмөрснөөс иргэд амь насаа алдсан тохиолдол гурван удаа гарчээ. Тиймээс Онцгой байдлын байгууллагаас иргэдэд шар усны үер болон гол мөрөн дээгүүр зорчихгүй байх, мөс цөмрөхөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэдэд өгөхийн зэрэгцээ орон нутагт гол мөрнүүдийн эрэг дагуу эргүүл гаргасан байна.
Гэвч иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаан гол мөрөн нууран дээгүүр зорчиж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Иймд, гол, мөрөн нууран дээгүүр явганаар болон автомашин техниктэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Өвлийн улиралд хуримтлагдсан цас хайлж уулын ам, бэл, жалга, судгийн амаар их хэмжээний ус урсан айл өрх, аж ахуйн нэгж байгууллага усанд автах тохиолдол гардаг. Малчид, иргэд голын дагууд болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж шар усны аюулаас болгоомжлохыг санууллаа.