
Саяхан чуулганаа хийж, ерөнхийлөгчөө сонгох сонгуулиас улбаалан хамаг хэрэг сөхөгдөж буй аж. Тухайлбал тус чуулганаар болсон ерөнхийлөгчийн сонгууль хор, найраан дунд явагдсан бөгөөд МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарыг хууль журмыг бус хувийн ашиг сонирхлоо дээгүүрт тавьсан гэж буруушаан идэж уухаа зогсоохгүй нь гэж бухимдах хүмүүс тус нийгэмлэгт цөөнгүй байх болжээ.
Өмнө нь МУЗН-ийн ерөнхийлөгчөөр Н.Энхболд, дэд ерөнхийлөгчөөр Н.Болормаа, нарийн бичгийн даргаар Р.Самдандовж нар ажиллаж байсан бөгөөд тэд энэ удаагийн чуулганаа хийх төсөв мөнгийг төлөөлөгчдөөс хураасан бөгөөд нэг хүнээс 100 мянган төгрөг авчээ. Гадаадын олон улсаас авдаг хандив тусламжийн мөнгө хаашаа, хэний халаас руу ордог болоод тэд ээлжит чуулганаа ч хийж чадахгүй болтлоо хоосров гэдэг асуудал эрхгүй анхаарал татаж буй юм.
Энэхүү чуулганы үеэр тэд Р.Самдандовжийг МУЗН-ийн хүүхдийн зуслангийн газраас 8 га-г өөрийн хүү, “Эрдэнэс таван толгой”-н гадаад харилцааны ажилтан С.Ашидмөнхийн нэр дээр шилжүүлсэн. Мөн Булган аймгийн УЗХ-ны байрыг 180 саяар зараад байгууллагын дансанд гүйцэд хийгээгүй. Шатахууны үнэ гэх нэрийдлээр сар бүр олон зуун сая төгрөгийг хувийнхаа дансанд хийлгэж, 12 тэрбум орчим төгрөгийг хувьдаа ашигласан. МУЗН-ийн эд хөрөнгийг үнэтэй хөөрөг, морь, маланд зориулсан гэх өмч хөрөнгийн зөрчил илэрсэн гэж үзээд ажлаас нь халсан ч яагаад түүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй, хариуцлага хүлээлгэхгүй, хувьдаа шамшигдуулсан татвар хандивын хөрөнгийг төлүүлэхгүйгээр зүгээр л орхив гэдэг нь бас л олны анхаарлын төвд байсаар байна.
Үүнээс харахад МУЗН-ийн өмч хөрөнгийг нэг хүн биш нэлээд хүн хуваан идсэн нь тодорхой бөгөөд хариуцлагыг зөвхөн Р.Самдандовжид үүрүүлсэн мэтээр нийгэмд харуулаад ард иргэдийг хууран мэхэлж, ерөнхийлөгч Н.Энхболд нь дахин сонгогдож, Н.Болормаа нь ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон даналзаж сууна. Н.Болормаа нь “МУЗН-ийг болон намайг шалгадаг, хариуцлага хүлээлгэдэг байгууллага, ард иргэд байхгүй” хэмээн цээжээ дэлдэн, хуучин ажиллаж байсан ажилчдыг бүтцийн өөрчлөлт нэрээр олноор нь халж “… миний эсрэг ажилласан, та нарт Ардчилсан нам чинь ажил өгнө биз…” хэмээн намын үзэл гаргаж, гэмгүй ажилчдаа халж сольсон гэх мэдээлэл ч байна.
Н.Болормаа хатагтайн булхай, олон хууль бус зүйл хийсэн гэдгийг МУЗН-ийн орлогч дарга П.Бямбацэрэн гэж хүн дэлгэж нийтэд зарласан. Тэрбээр дүрэм журмаа зөрчиж чуулганд ямар хүмүүсийг яаж оролцуулдаг гэдгийг хэлснээр тэдний бүх булхай нь илэрсэн гэхэд болно.
Үүний нотолгоо нь МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, орлогч дарга Ц.Содномпил, П.Бямбацэрэн, Хяналтын хорооны дарга С.Банзрагч, Дунд шатны хороодын 33 дарга нар чуулганд урилгаар оролцсон боловч санал өгсөн, Анхан шатны хороодын гишүүд хэмээн 13 хүнийг, илэрхийлэл уншуулна гэх халхавчаар чуулганд 15 хүүхэд, залуусыг хамруулж, тэд ч мөн саналаа өгч бас л дүрмээ зөрчсөн байдаг. Тэдний саналыг зориудаар авсныг харахад сонгуульд хэн ямар аргаар ялав гэдэг нь тодорхой харагдаж буй хэрэг гэхэд нэг их дэгсдсэн болохгүй биз. Тэдний булхай хийж ялалт байгуулсныхаа дараа өөрийнхөө хамаатнуудыг ажилд авч эхэлсэн зарим жишээг дурдъя.
МУЗН-ийн хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан яруу найрагч Ш.Лхамноржмааг өвчтэй байхад ажлаас нь хууль бусаар халж Б.Батзаяаг томилж, Б.Отгонбаатарыг хамтарч ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар бас л халж, оронд нь Н.Маргадыг хэвлэлийн ажилтнаар авсан байдаг.
Түүнчлэн Н.Болормаатай хамт ажиллаж байсан Э.Наранчимэг гэгчийг Чингэлтэй дүүргээс, С.Туяаг Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгч гэж чуулганд оролцуулсан бөгөөд энэ талаар дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд нараас тодруулахад “Бид ийм хүн сонгоогүй, манай төлөөлөгч биш” гэжээ.
Н.Болормаагийн “Өргөө” кино театрын хувьчлалд оролцож авлига, хээл хахууль авсан, НИТХ-ын дарга байхдаа ноцтой алдаа дутагдал гаргасан зэрэг зөрчлүүд нь өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа билээ.
МУЗН-ийн бас нэг даварсан дарга бол Замын-Үүдийн Гаалийн газрын даргаар ажиллаж байсан С.Банзрагч юм. Тэрбээр МУЗН-ийн хяналтын хорооны орон тооны даргаар ажилладаг бөгөөд тусгай эрх ямба эдэлж, тансаг өрөөнд сууж, нийгэмлэгээс өндөр цалин авдаг. Тэрбээр Н.Болормаатай үгсэж МУЗН-д биднээс өөр эзэнгүй хэмээн бардамнаж, өөрийнхөө хүссэн бүхнийг хийж суугаа бөгөөд энэ хүнийг маш хурдан шалгах хэрэгтэй гэдгийг олон эх сурвалж хэлж байсан юм.
МУЗН-ийг тойрсон маргаан хэл ам үүгээр зогсохгүй. Болохгүй бүтэхгүй, идсэн уусан, нам болж талцдаг, хөгзөрсөн гурил будаа, илжирч ялзран элдэв үнэр ханхалсан хуучин хувцас тарааж, өөрсдөө мөнгөөр тоглож сууна гэх гомдлууд гарсаар л байна. Иймд зохих газруудад нь тус байгууллагыг шалгах цаг нь нэгэнт болжээ гэдгийг сонордуулж байна.