Серена 2002-04, 2007-08, 2013-14 онуудад түрүүллээ. Мөн тэрээр 1999 онд эгч Винус Уильямст, 2009 онд Беларусын Виктория Азаренка нарт ялагдаж байжээ.
Энэ сарын 17-30-ны өдрүүдэд АНУ-ын Миамид болсон Sony Open тэмцээний шигшээ тоглолт өнгөрөгч бямба гаригт /03.30/ болж, дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямс БНХАУ-ын Ли Наг 7:5, 6:1-ийн харьцаагаар хожсон байна. Энэхүү тоглолт 59 минут үргэлжилсэн бөгөөд Серена карьерийнхаа 59 дахь түрүүгээ хүртлээ. Энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-нд түрүүлсэн БНХАУ-ын Ли Нагийн хувьд WTA хоёрт бичигдэж буй бөгөөд тэрээр он гарсаар гурав дахь тэмцээнийхээ шигшээд шалгарч байна.
Серена хагас шигшээд өнгөрсөн жилийн тус тэмцээний шигшээд хожиж байсан ОХУ-ын Мария Шараповаг буулган авсан. Тэмцээнийг Беларусын Виктория Азаренка өнжсөн.
5,4 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний хосын төрлийн шигшээ тоглолтод Швейцарийн Мартина Хингис, Германы Сабине Лициски нарын хослол ОХУ-ын Екатерина Макарова, Елена Виснинаг 4:6, 6:4, 10:4-ийн харьцаагаар буулган авсан байна. Өдгөө 33 настай Мартина Хингис 1995-2007 оны хооронд хосын төрлөөс 37 түрүү хүртэж байсан бөгөөд 38 дахь түрүүгээ Миамигийн тэмцээнээс хүртлээ. Бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг Мартина Хингис "Их дуулга" тэмцээний ганцаарчилсан төрлөөс таван түрүү хүртэж байсан бөгөөд 2007 онд дэлхийн тэргүүн теннисчин болж байсан.