“Нью медиа” групп жижиг, дунд бизнесийг нягтлан бодох бүртгэлийн аргаар чадавхижуулах үндэсний хөдөлгөөнийг эхлүүлжээ. Энэ талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулж, бизнес эрхлэгчид нягтлан бодох бүртгэлээ хэрхэн сайжруулах боломжтой талаарх мэдээллийг өгсөн юм. Тус группээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн “Эрхэт” онлайн программыг бүтээжээ.
Жижиг, дунд бизнес эрхлэгчид санхүү бүртгэлээ хангалтгүй хийдгээс олсон ашгаа зөв зохистой зарцуулж, орлого, зарлагаа бүрэн тооцоолж чаддаггүй байна. Монголд жил бүр шинээр бизнес эрхлэгчдийн 50-иас дээш хувь нь дампуурдаг бөгөөд үүний 10 шалтгааны гурав нь нягтлан бодох бүртгэлтэй холбоотой байдаг талаарх судалгаа гарчээ. Тиймээс бизнес эрхлэгчид санхүүгийн тайлангаа тааралдсан дэвтэр дээр тэмдэглэдэг байдлыг халж, баталгаатай санхүүгийн тайлан хийдэг болоход нь “Эрхэт” санхүүгийн программыг зориулжээ.
Энэ талаар “Нью медиа” группын ерөнхийлөгч А.Мэнд-Оршихоос тодрууллаа.
-Жижиг дунд бизнес эрхлэгчид данс тооцоогоо бичгээр хийсээр ирсэн учраас орчин үеийн программ хангамжийн тал дээр ихэнх нь мэдлэг муутай байдаг шүү дээ. Энэ санхүүгийн программыг хэрхэн ашиглах вэ?
-Бизнес эрхлэгч өөрийн и-мэйл хаягаараа www.erkhet.biz сайтад бүртгүүлж, програмаа татан авч, өдөр бүр хийсэн орлого, зарлагынхаа дүнг шивж оруулна. Ингээд сарын сүүлээр өдөр бүрийн шивж оруулсан мэдээллийг автоматаар тооцоолол хийн сарын тайланг гаргах маягаар үйлдлийг хялбарчилна. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн цагийг хэмнэж, өдөр бүр оруулж байсан мэдээллийг тайлан гаргах гэсэн нэг товч дарахад л сарын тайлан гарна гэсэн үг юм. Бизнес эрхлэгчдэд ойлгомжгүй зүйл байхгүй, энгийнээр бүтээхийг хичээсэн.
-Төлбөр мөнгөний хувьд?
-Энэ бол бизнес эрхэлдэг хүн бүр ашиглахад үнэ төлбөргүй программ. Энгийн санхүү бүртгэл, орлого, зарлагын тооцоог хийхэд хялбар дөхөм. Харин бизнес эрхлэгчид үүнээс илүү нарийвчилсан тооцоолол гаргуулахыг хүсвэл бидэнд хандаад программын арай гүнзгийрүүлсэн хувилбарыг тодорхой хэмжээний төлбөр төлөөд авч болох юм.
-Энэ санхүүгийн программыг ашиглах цар хүрээг хэрхэн таамаглаж байна вэ?
-“Эрхэт” программыг 2013 оны долдугаар сарын 5-нд Сангийн яамнаас албан ёсны зөвшөөрлөө авсан бөгөөд Монголын нягтлан бодох бүртгэлийн салбарт шинэ дэвшил авчирч байгаа юм. Энэ программаараа дамжуулан бид ойрын гурван жилийн хугацаанд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 50 мянга гаруй жижиг дунд үйлдвэрт мөнгөн хөрөнгөөр тооцвол 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр байна. Үүнд цаашдаа зөвхөн жижиг, дунд бизнес эрхлэгчид гэхгүй төрийн болон хувийн хэвшлийн компаниуд, мэргэжлийн холбоод нэгдэж, санхүүгийн тооцоо бүртгэлээ үнэн бодит, ойлгомжтой гаргах боломж бий юм.
Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Зөвлөх багш, Монгол Улсын гавъяат багш, профессор Ж.Нямсүрэн:
-Монголын компаниудад мэргэжлийн нягтлан бодогч нар дутагдаж байгаа нь анзаарагддаг. Ингэхээр санхүү, нягтлан бодох тооцоо бүртгэл стандартын дагуу гарахгүй байгаа л гэсэн үг шүү дээ. Зарим компаниуд орон тооны мэргэжлийн нягтлан бодогч байхгүйгээс гэрээгээр нягтлан бодогч авчирч ажиллуулдаг. Нэгэнт л компанийх нь орон тооны биш, гэрээт ажилтан учраас байгууллагынхаа нарийн тооцоог өгөхгүй зэрэг асуудлууд ч үүсдэг. Тиймээс санхүүгийн тооцоо бүртгэлд орчин үеийн программын дэвшлийг оруулах хэрэгтэй. Энэ программ нь гүйлгээ бүрээ шивж оруулаад л байвал тайланг автоматаар эмхэтгэн нэгтгэж хийхээр юм билээ.