Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

via National
Geographic Mongolia


Гэрэл зурагчин А.Бат-Эрдэнэ "Уншигчийн дуран" буланд өөрийн авсан
зургийг илгээжээ.



"Нуурын эрэг дээр хоноглосон бид өглөөний цайгаа уучхаад цэцэгний зураг авахаар
ойролцоох толгод руу хэсэг нөхдийн хамт алхсан юм. Гэнэт бороо асгарлаа. Зарим
маань үер болох нь гэж битүүхэндээ эмээж хурдан буцъя гэцгээв. Толгодын энгэр
дэх бяцхан төгөлд моддын дор хоргодсон бид бороо зогсохыг хүлээсэн ч мөд зогсох
шинжгүй. Нөхөд маань нуурын эрэг дээрх машин, майхан руугаа буцах болоход би
зураг авах “шунал”-даа хөтлөгдөн толгодын орой руу өгсөхөөр боллоо.

Байгаль гэдэг үнэхээр сонин бөгөөд ер бусын. Заримдаа хоромхон зуурын хугацаанд
олон ааш төрхөө харуулах нь бий. Саяхан л бороо асгаж байсан бол агшин зуур
амсхийж, үүлний цоорхойгоор нарны гэрэл нуурын мандлыг хөшиглөн бүрхэх аж. Төд
удалгүй хоёр давхар солонго нуурын хоёр эргийг гүүр мэт дамнан туяарав. Яг л
үлгэр туульсын оронд очсон мэт үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрж байлаа.
Хэрэв би борооноос эмээн майхан руугаа буцсан бол энэ үзэсгэлэнт өнгө төрхийг
ийм төгс зохицолтойгоор харахгүй байсан болов уу.

Хамгийн сонирхолтой нь би энэ нуурын нэрийг одоог хүртэл санадаггүй юм. Уг нь
Хөвсгөл нуураас Цагаан нуурыг зорьж яваад бүрий болохын өмнө үзэсгэлэнт энэ
нуурын хөвөөнд ирээд майхнаа засан хоноглохоор шийдсэн юм. Монгол орны маань
байгаль хэзээд тааварлашгүй байдаг. Толгод даваад л өмнө нь сонсоогүй огт өөр
гоо үзэсгэлэнг мэдэрнэ гэдэг энэ ажгуу."

Гэрэл зургийг А.Бат-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж