УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.03.29/ Шинэчлэлийн Засгийн газраас хамгийн богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бодит бүтээн байгуулалт болох Баянхонгор аймгийн Баянлиг болон Бууцагаан сумдын “Шинэ сумын төв”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцов.
Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Шинэ сум” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг эхний ээлжинд сонгож, 10 сарын өмнө бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.
Одоо тус сумдын төв хоёр давхар, 20 ортой нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, сумын захиргааны байр, 250 хүний суудалтай спорт заал бүхий иж бүрэн цогцолбор барилга байгууламжтай жишиг сум болсон байна.
УИХ-ын дарга З.Энхболд “Шинэ сум”-ын нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ, “Баянлиг, Бууцагаан сумын иргэд орон нутагтаа тав тухтай, тохилог сайхан орчинд амьдарч, ажиллах аюулгүй орчин бүрдлээ. Хөдөө нутагт хүний амьдралын бүхий л нөхцлийг хангасан, орчин үеийн, ногоон байгууламж бүхий дэд бүтэц, цахилгаан, дулаан, гэрэлтүүлгийг байгуулж, усан хангамжийн асуудал нь бүрэн шийдвэрлэгдсэн байна. Мөн хүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, спортоор хичээллэх талбайтай, явган хүний зам, хүүхдийн тоглоомын иж бүрдэл бүхий цэвэрхэн сууринг барьж байгуулж болдгийг бид харж байна.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн энэхүү бүтээн байгуулалт болж чадлаа. Улсын Их Хурал, Засгийн газар энэ 2014 онд 16 сумын төвийн дэд бүтэц, инженерийн шугам, сүлжээг барьж байгуулахаар 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх арга хэмжээг баталсныг дурдах нь зүйтэй” хэмээн онцлов. УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар шинэ сумын төвийг хүлээн авах ёслолын туузыг хайчилсан юм.
Баянлиг сумын хувьд, эзгүй тал байсан газарт 2013 оны тавдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2014 оны нэгдүгээр сар гэхэд бодит үр дүн гарч, иргэдийн хэрэгцээг хангасан шинэ сум байгуулагдсан байна.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр нь бүсийн найман тулгуур төв болон сум дундын төвүүдийн төлөвлөлтийг шинэчлэх, сум дундын төв загвар төслийг улсын хэмжээнд 96 байршилд хэрэгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, хөгжлөөр сул бүс нутаг, аймгуудын эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл боловсруулж, хөрөнгө оруулалтыг түлхүү хуваарилах зорилготой эхэлсэн байна.
УИХ-ын даргын томилолтоор ажиллаж буй Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж байгаа “Шинэ сум” төсөл нь нийт 8 га газрыг хамарч, 14300 ам.метр барилгажих талбайд захиргаа, эмнэлэг, сургууль гэх мэт обьектуудыг дэвшилтэт Канад технологиор барьж, халаалтын зуух, хаалттай дэд станц, цэвэрлэх байгууламж, автозам, явган хүний зам талбай, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг зэрэг инженерийн байгууламж, дэд бүтцийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалт болсон байна.
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Баянлиг сумын Засаг дарга С.Амарсанаа, Бууцагаан сумын Засаг дарга Ч.Энхдалай нар хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд “Шинэ сум” төслийн нээлтэд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа сумын нээлтийн ажиллагааны үеэр илэрхийлж байв.
УИХ-ын дарга З.Энхболдын орон нутагт ажиллаж буй томилолт гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд тэрбээр Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж, тэдэнтэй санал бодлоо хуваалцах юм хэмээнУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.