Алтай нутгийнхан нэрт шатарчид ихтэй. Самдангийн Очирхүү, Цэнджавын Довдон агсан нар санаачлан шатрын сургуулийг социалист дэглэмийн сүүлийн жилүүдэд байгуулсан юм. Мөн тухайн үед олон улсын мастер Т.Үйтүмэн, Ц.Лхагвасүрэн, ФИДЕ мастер Ш.Батцэнгэл, Спортын мастер Т.Төгөлдөр, Х.Оросоо, М.Баасанжав, Н.Энхнасан, сүүлийн үед Их мастер Д.Шаравдорж, ФИДЕ мастер Д.Мажигсүрэн, У.Лхамсүрэн, Спортын мастер А.Мөнхбат, Д.Рэнцэнханд, Г.Бат-Очир, Б.Энхсайхан, Б.Эрдэнэцэцэг, Г.Сайханзаяа гээд хөвөрнө.
Хоёр жилд нэг удаа явагддаг шатрын хамгийн том наадам болох "Дэлхийн шатрын олимпиад" наймдугаар сарын 1-14-нд Норвеги улсын Тромсо хотноо болно. Улсын аваргын эхний таван байрт шалгарсан тамирчид Норвегийн эрхээ өвөртлөх юм. Ингээд шигшээд оролцох шатарчдын өнгө төрхийг өөрийн зүгээс тольдъё.
Өнөө жилийн оролцогчид дотроос хамгийн олон удаа оролцож байгаа нь Их мастер Базарын Хатанбаатар /23 удаа/, түүний дээр 25 удаа оролцсон ФИДЕ мастер Жамбалдоогийн Лхагва бий. Түүнийг эвдэх нь цаг хугацааны асуудал болов уу. Их мастер маань сүүлийн гурван жилийн УАШТ-д тийм ч хангалттай тоглохгүй байгаа ч 2013 оны сүүлээр зохиогдсон олон улсын хоёр ч томоохон тэмцээнд өндөр амжилт гаргасан. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэгчлэн тун эвгүй өрсөлдөх шатарчдын тоонд орох нь зүйн хэрэг. Анхны ихэр Их мастер нэг болох Дашзэгвийн Шаравдоржийн тухайд сүүлийн гурван жилд хоёр мөнгөн медаль хүртээд байгаа нь авъяас тэтгэвэрт гардаггүйн жишээг үзүүлж буй нэг жишээ. Тэгээд ч нутагтаа болж буй тэмцээнд түрүүлэх зорилго тавьж байгаа нь илт. 2002 оноос хойш улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээгүй байгаа нь "Алтаар өлссөн"-ийг нь нотлох мэт. Залуу Их мастер Цэгмэдийн Батчулуун энэ жил 13 дахь удаагаа оролцож байна. 2006 онд түрүүлснээсээ хойш ахиж түрүүлээгүй байгаа. Тиймээс "Хошой аварга" болох мөн "Олимпийн шигшээ"-гийн нэгдүгээр ширээнд суух боломж түүнд бий. Отгон Их мастер Баярсайханы Гүндаваагийн тухайд сүүлийн зургаан жилд дөрвөн түрүү хүртсэн сүрдэм амжилттай. Тав дахь түрүүгээ хүртэж дээд амжилтын гуравдугаарт эрэмбэлэгдэх зорилготой байгаа болов уу. Мөн мэдээж хэрэг 1-р ширээ.
Эрэгтэй Олон улсын мастер Батхуягийн Мөнгөнтуулын тухайд энэ жил эрчүүдтэй дөрөв дэх удаагаа хүч үзнэ. Өнгөрсөн жил тэр IV байр эзэлж байлаа. Олон улсын мастер Намхайн Баттулга 11 дэх, Гомбосүрэнгийн Мөнхгал найм дахь удаагаа тоосоо өргөнө. Н.Баттулга 2010 онд түрүүлсэн, Г.Мөнхгал анхны медалиа хүртэх зорилготой байгаа болов уу. Том цолтнуудын хувьд гэвэл ширүүхэн өрсөлдөөн гаргаж эцсийн өрөг хүртэл хүчээ зөв хуваарилж, хэн сайн нягтарсан нь өндөр амжилт гаргах бизээ.
Олон улсын шатрын холбоо/ФИДЕ/-ны мастер Мягмарсүрэнгийн Гүнбаяр 12 дахь удаагаа оролцоно. Тэрээр өнгөрсөн жилийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн төдийгүй, Олон улсын мастерын анхны баллаа авсан. Цол нэгт Уртнасангийн Насанжаргал тав дахь удаагаа, Дүүрэнбаярын Эрхэмбаяр арав дахь удаагаа оролцоно.
Спортын мастер Оргойн Батзориг арав гаруй жилийн дараа 13 дахь удаагаа оролцох эрх хүртсэн бол Спортын дэд мастер Болдбаатарын Өлзийбаяр хоёр, шинэхэн ФИДЕ мастер Энхбаатарын Энхнар, Спортын дэд мастер Үүрцайхын Агьбилэг нар анх удаа хүчээ үзнэ.
Сүүлийн долоон тамирчны тухайд хоорондоо хэрхэн тоглох, том цолтнуудаас ахиухан оноо салгаж чадсан нь дээгүүр байр эзлэх байх. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэг шиг шатар боломжоор үргэлж баялаг байдаг учир хэнд нь ч боломж нээлттэй.
Эмэгтэйчүүдийн тухайд Олон улсын мастер Баянмөнхийн Анхчимэг 18 дахь удаагаа оролцож, дээд амжилтанд дөхсөөр. Түүний урд 19 удаа оролцсон Спортын мастер Гэндэнжамцын Баярмаа бий.
ФИДЕ мастер Сэнгэравдангийн Отгонжаргал Австрали улсаас хүрэлцэн ирж 16 дахь удаагаа, Улсын гурван удаагийн аварга Ууганбаярын Лхамсүрэн 11 дэх, Цэгмэдийн Мөнхчулуун 12 дахь, Баярсайханы Янжинлхам гурав дахь удаагаа оролцоно.
Сүүлийн хэдэн жил спортоосоо түр хөндийрсөн Спортын мастер Янживын Батзаяа найм, өнгөрөгч оны медальтнууд Сэнгээбаатарын Сарантунгалаг ес дэх, Баяржаргалын Баярмаа долоо дахь, Өнөржаргалын Нямтуяа найм, Энхсайханы Хулан дөрөв дэх удаагаа оролцох бол Спортын дэд мастер Үүрцайхын Үүрийнтуяа, Сарантуяагийн Жаргалмаа нар анх удаагаа хүчээ үзнэ. Эдгээр шатарчдаас олдсон боломжоо хэрхэн зөв ашиглаж, давуу өрөгтөө хэрэгтэй үр дүнгээ салгаж, хүснэгтийн оноо болон олимпийн шигшээгийн тоог бага зүүдэлж, сэтгэл зүйгээ удирдаж чадсан нь өндөр амжилт үзүүлэх болов уу.
Бүсгүйчүүдийн эрчүүдээс ялгарах нэг онцлог нь эцсийн мөч хүртлээ тэмцдэгт оршино. Гэхдээ энэ нь нэг талаасаа зөв боловч нөгөө талаасаа олон хоногийн чухал тэмцээнд өөрийгөө ядраах сул талтай байдаг.
Эмэгтэй шигшээд оролцож байгаа 12 тамирчны хувьд хэн нь хэнийгээ хожих мэдэх, адармаатай өрсөлдөөн гарах шинжтэй.
"Од нь гүйж, хийморь нь тэтгэсэн" хэн ч бахдам амжилтанд хүрнэ дээ. Бүгдэд нь амжилт хүсье!
Үзэгч, сонирхогч бидний хувьд аягатай хоолоо мартам, амтархан сонирхох, арав хоног айсуй.
ФИДЕ шүүгч, Спортын мастер
Дархинт Батболдын НЯМДАВАА