
МСҮТөвийн захирал Б.Эрдэнэ хэлэхдээ “-Энэ жилийн эхний суралцагсад хамгийн орчин үеийн мэдээллийн удирдлагаар иж бүрэн тоноглогдсон сургалт, дадлагын танхимд хичээллэн төгсөж байгаагаараа азтай. Манай төвд суралцагсдын дундаас үйлдвэр байгууллагууд нь, өөрт хэрэгтэй мэргэжил эзэмшин төгсөж байгаа хүмүүсийг сонгон авч, ажлын байраар хангадаг онцлогтой” гэв. Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс МСҮТөвтөй хамтран зохион байгуулсан, ажилгүй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтын энэ удаагийн ээлжийг, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын мөрийн хөтөлбөртэй уялдуулан хийжээ. Дөчин тав хүртэл насны иргэд нь, харъяа багаасаа тодорхойлолт авч ирээд, өөрийн сонгосон мэргэжлээрээ хоёр сар тэнхимд онол үзэж, дараа нь 3 сарын дадлага хийж шалгуулан, мэргэжлийн үнэмлэх гардан авцгааж байна. Энд суралцаж байгаа иргэдэд сар бүр 190 мянган төгрөгний тэтгэлэг олгож байгаа нь, тэдний суралцах идэвх эрмэлзлэлийг улам дээшлүүлжээ. Иргэдэд мэргэжил олгох сургалтын зэрэгцээ, хувиараа хөдөлмөр эрхлэхийг хүссэн 60 хүнийг, мэргэжлийн болон аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтанд давхар хамруулжээ.