Хаврын чуулганд найдсан нэгэн хуулийн төсөл

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганд найдсан нэгэн хуулийн төсөл

-Хөдлөх хөрөнгийг барьцаанд тооцдог болох тухай хуулийн төслийг боловсруулж байна-

Хаврын чуулган нээлтээ хийхэд хэлэлцүүлэх хуулийн төслүүд ар араасаа хүлээж байгаа. Үүн дунд эдийн засгийн үр ашиг сайтай нэлээд чухал хуулийн төсөл байна. Энэ бол Хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны тухай хууль бөгөөд ийм хуультай болох хэрэгтэй гэсээр олон жилийг өнгөрүүлсэн талаар эдийн засагчид шүүмжилж буй.

Банкны зээл болон өөр шаардлагатай үед хамгийн найдвартайгаар нь үл хөдлөх хөрөнгийг л барьцаанд тооцсоор ирсэн. Гэтэл иргэдийн гар дээр нийт үл хөдлөх хөрөнгийн хэмжээнээс хэд дахин илүү үр ашигтай хөдлөх хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байдаг ажээ. Тиймээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тооцож зээл олгох хэрэгтэй гэсэн санал гардаг ч олон жилийн турш биелэлээ олж чадахгүй байна. Энэ том асуудлыг хууль эрх зүйн орчноор нарийн зохицуулахгүй бол эрсдэл өндөртэй бөгөөд Хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны тухай хууль шийдэл нь байх учиртай. Уг хуулийг гаргахын тулд Хууль зүйн яам банк, санхүүгийн салбарынхантай хамтран хуулийн төслийг боловсруулна гэсээр бараг таван жил өнгөрсөн талаар банкирууд ярьдаг.

Одоо хөдлөх хөрөнгийг банкны барьцаалж зээл өгөх асуудал ямар төвшинд байгаа талаар Монголын банкны холбооноос тодруулахад “Хуулийн төслийг Хууль зүйн яамтай хамтран боловсруулаад дуусч байгаа. Ингээд УИХ-ын хаврын чуулганаар оруулах төлөвлөгөө дуулдсан. Гэхдээ УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө боловсруулсан хуулийн төслөө иргэд, мэргэжлийн холбоод, олон нийтээр хэлэлцүүлэх ёстой” гэсэн юм. Ийнхүү энэ хаврын чуулганаар олон жил хүлээсэн хөдлөх хөрөнгийг барьцаанд тооцдог болох асуудал шийдэгдэнэ гэдэгт найдвар тавин хүлээж байна.

Дэлхийн шилдэг эдийн засагч гэгдэх Эрнандо Дэ Сато дөрвөн жилийн өмнө Монголд ирээд буцахдаа нэг үнэтэй зөвлөгөө өгсөн нь өмчийн бүртгэлийг сайжруулах тухай байсан юм гэдэг.  Тэрээр өмчийн бүртгэлийн судалгааг хийгээд амжсан байна. Ингэхдээ тухайн үед, дөрвөн жилийн өмнө 800 орчим хүнийг хамруулж, Монгол Улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтаас хоёр дахин их буюу 7.5 тэрбум долларын хөрөнгө улсын бүртгэлгүйгээр монголчуудын гарт байгаа судалгааг гаргажээ. Энэ нь иргэдийн гар дээрх хөрөнгийг зөв үнэлж, бүтгэлжүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадвал зээлийн хүү буурах, банкны бүтээгдэхүүний төрөл зүйл нэмэгдэх, үйл ажиллагааг эрчимтэй болгох, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эргэлтийн хөрөнгөө төвөггүй бүрдүүлэх олон талын боломж бийг харуулж байна. Дөрвөн жилийн өмнө хөрөнгийн ийм судалгаа гарч байсан бол одоо үүнээс ч их болсон байгаа биз ээ. Тиймээс албаныхан хөрөнгийн судалгааг нарийвчлан хийхийг ч төлөвлөж буй ажээ.

Ийнхүүхуулийн төслийг олон нийт, УИХ-аар амжилттай хэлэлцүүлж хөдлөх хөрөнгийг барьцаанд тооцдог болвол автомашин, хаа нэг газар агуулахад хадгалагдаж байгаа түүхий эд, материал, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, тэр ч байтугай оюуны өмч, үнэт цаасыг хүртэл үнэлүүлэн барьцаалж, зээл авах боломж бүрдэх юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж