Дээрх сүүний чиглэлийн нийт 202 ямааг 2013 оны зургадугаар сарын 10-ны өдөр Франц Улсаас туршилтаар авчирсан байна. Өнөөдрийн байдлаар хээлтүүлэг 80 хувьтай байгаа хэмээн “Альпин” ямааны фермийн эзэн Ж.Даваасүрэн хэлж байв. “Альпин” ямааны хувьд, зун намартаа бэлчээрт гарч, өвөл хавартаа дулаан байранд маллуулдаг, арчилгаа шаарддаг онцлогтой бөгөөд ямааны ашиг шимийн хувьд нэг удаад 3-5 литр сүү өгдөг болохыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Б.Бейсин онцлов.
УИХ-ын дарга З.Энхболдын санаачилгаар Өвөрхангай аймгийн 19 суманд “Мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” инновацийн төслийг хэрэгжүүлж буй бөгөөд төслийн хүрээнд 2011 онд барга үүлдрийн 272 хуц, шилмэл 50 сарлагийн бух авчран үржүүлгийн ажлыг эхлүүлсэн ажээ. Дараагийн жилүүдэд Дорнодын шилмэл 28 бух, 842 барга хуцаар сүрэг сэлбэж, 2014 оны байдлаар төслийн хүрээнд 2100 хуцыг малчдад нийлүүлжээ. Үүнээс гадна малчид хотноосоо цус сэлбэн сайжруулсан 2671 төлгөн хуцыг үржилд нийлүүлж, төслийн үр дүнд сайнаар нөлөөлж байгааг хэлж байв. Дөрвөн жилийн хугацаанд нийт 467 мянган хонийг сайжруулсан гэсэн статистик дүн гарчээ. Энэ нь аймгийн нийт хээлтэгчийн 70 хувийг эзэлж байгаа юм байна.
Өвөрхангай аймгийн “Арваймилк” компанийн үнээний фермд үр хөврөлийн аргаар монгол үнээнээс гаргаж авсан цэвэр хар тарлан үхрийн үржүүлгийн ажилтай УИХ-ын дарга энэ өдөр танилцлаа. Эдгээр хар тарлан үнээнээс өдөртөө 20 литр сүү саадаг бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүнээр нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж буй юм байна. Ферм 40 гаруй үнээтэй хэмээн фермерүүд үйл ажиллагаагаа танилцуулахдаа хэлж байлаа.
УИХ-ын даргын томилолтоор ажиллаж буй Өвөрхангай аймгийн хувьд, 2013 оны жилийн эцсийн тооллогоор 17595 малчин өрхийн 3486.0 мянган толгой мал тоологджээ. Үүнээс хонь-1541.3 мянга, ямаа-1574.1 мянга, үхэр-144.9 мянга, адуу-205.9, тэмээ-19.7 мянган толгой тоологдсон байна. УИХ-ын даргын орон нутагт ажиллах томилолт Өвөрхангай, Баянхонгор аймагт гурван өдөр үргэлжилнэ. Томилолтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс багтаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.