Хор судлаач /токсилог/ эмч нарын яриагаар хордсон хүүхдүүдийн бараг дийлэнх хувь нь эм уужээ. Мэдээж эмчийн зааваргүйгээр дур мэдэн уусан эм. Хүүхэд ширээ, шүүгээнд ил орхисон эмийг санаандгүй авч уудаг байна. Зарим үед эцэг, эхчүүд өөрсдөө ч хүүхдэдээ тоглуулахаар хайрцаг савтай эм, бэлдмэл өгдөг гэнэ.
Иймээс эмч нар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд эмийн аюулгүй байдлын талаар дараах зөвлөгөөг өгч байна:
– Эм уусныхаа дараа сав, баглааг сайтар тагласан эсэхийг байнга шалгаж бай. Аюулгүй байдлыг баталгаатай хангах үүднээс бас дахин нягталж шалга.
– Хэдэн ширхэг эм уух ёстой, яг түүнийгээ л савнаас нь гарга. Урьдчилж 2, 3 ширхэгийг авч бэлдэх хэрэггүй. Та мартаад ил тавьчихвал яах вэ, бүр балчир хүүхдийн гар хүрч болох газар.
– Хүүхдийн өрөөнд ил задгай, бэлдмэл тавих хэрэггүй. Хана болон ширээний шүүгээнд “эмийн сан”-г хийх нь хамгийн үр дүн муутай арга шүү. Хүүхэд түүнийг амархан олоод харчихна. Эмээ, өвөө нар цагтаа эм уухаа мартахгүйн тулд хайрцагтай эм, бэлдмэлээ шүүгээ, ширээн дээр ил задгай тавих сонирхолтой байдаг талтай.
– Хэрвээ хүүхэд тань таны цүнх, түрийвчээр оролдох сонирхолтой бол түүнд эм хадгалах хэрэггүй.
– Том хүүхэд олоод харчихааргүй, балчир хүүхэд авираад хүрчихээргүй тийм л газрыг олж эм, бэлдмэлийг хадгал.
-Хүүхдийн дэргэд эм уухгүй байх хэрэгтэй. Учир нь тэд томчуудыг дуурайх тун дуртай байдаг юм. Томчуудыг дуурайн “Толгойны өвчин намдааж” тоглох гээд хүүхэд тань эмнэлэгт ч хүргэгдэж болзошгүйг анхаараарай.
– Хэрвээ хүүхэд тань өвдвөл, өөрөө бие даан эм уухыг зөвшөөрч болохгүй. Зөвхөн томчуулын гараар л эм уух нь тустай.
– Эмийг чихэр хэмээн хуурч хүүхэддээ уулгах нь хамгийн буруу зүйл. Таны энэ үгэнд хүүхэд хууртаж, дараа нь түүнийг чихэр хэмээн бодон шаргуу хайж эхэлдэг юм.