Санхүүгийн хямралд орсны дээр төрийн албаны элдвийн дарамт шахалтаас болоод Монголын бизнесийнхэн асар их ууртай байна. Гэхдээ тэд наашаа харж инээгээд, цаашаа харж уйлж байгаагаа хэлэх зориггүй болчихож гэмээр.
Монголын бизнесийн орчин асар мууджээ гэдгийг жижигхэн наймаа эрхэлдэг бага гарын худалдаачин ч хэлээд өгөх байх. Дунд, доод шатны хүнд суртал, төрийн дарамт шахалт, “бүгдийг төр” гэсэн төрийн асар том оролцоо бизнесийн салбарт бий болсноос ажлаа сэтгэл амар хийж чадахаа байсан гэдгийг хувийн хэвшлийнхэн далдуур сэмхэн муулах. Даанч8 тэдэнд энэ талаараа ил хэлэх хүсэл алга. Яагаад гэж үү. Учир нь бизнесийн салбарт төрийн оролцоо томроод байна гэдгийг ил шулуухан шүүмжилбэл, эсрэгээрээ “алуулна” гэдгээ мэдэж байгаа болохоор тэр. Элдэв янзын улсын байцаагчийн үнэмлэх барьсан хүмүүс эрж боргоогоод эхлэх учраас болгоомжилж байгаа болов уу: Монголын бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьд ямар нэгэн алдаа дутагдалгүй яваа нь цөөхөн. Олонх нь төрийн оролцоо хэтийдээд байгааг нь бардам шүүмжилж чадахгүй байгаа хэрэг. Хэн нэгэн хурган дарга жижигхэн “но” гаргаад хөөрхөн “янаглачих"-аа мэднэ. Тиймээс бизнесийнхэн ууртай, түүнийгээ ил гаргаж чадахгүй уушиглаад явж байна.
Хаа сайгүй л “түрээслэнэ” гэсэн бичиг хадсан цайны газрууд. Хаа сайгүй ажил хайсан хүмүүс. Орлого нь муудаж, орж ирэх мөнгө нь багассан жижиг дунд үйлдвэрүүд хүнээ цөөлөх бодлого барьж байна. Томчууд ч ялгаагүй тэрбум, тэрбум доллар эргүүлдүүлдэг гэх “Мобиком” хүртэл 200 ажилтнаа цомхотголд оруулчихаад байгаа гэх. Гэтэл ихэнх аж ахуйн нэгж, хувь хүмүүс арилжааны банкнаас их бага зээл авчихсан байдаг. Зээлээ төлөхийг банкууд шаардаад байдаг. Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээг харвал, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны хоёрдугаар сарын байдлаар 198.8 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн сараас 30 хувь, өмнөх оныхоос бараг 80 шахам хувьд хүрчээ. Зөвхөн эндээс л харахад бизнесийн орчин ямархуу байгааг хэлчихэж болмоор.
Уул уурхайн гэлтгүй бусад салбарынхан хүнээ цөөлөх бодлого явуулж байна. Ялангуяа тав зургаан хүнийг ажлын байраар хангадаг жижиг дунд үйлдвэрүүд хаалгаа барихгүйн тулд ажилчнаа халаад явуулж байна. Энэ бүхнээс харахад Монголын төр бизнесийг дэмжсэн бодлого явуулаад байна уу эсвэл эдийн засгийн зах зээлийн чөлөөт байдлыг хумих ажил хэрэгжүүлээд байна уу гэх эргэлзээг төрүүлж эхлэв. Зөвхөн шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх ёстой ШӨХТГ нь хүртэл хэтэрхий туйлширч, “торгоод өгнө, хаагаад өгнө” хашгираад байхаар Монголд хэн хөрөнгө оруулалт хийх вэ. Хөрөнгө оруулагчид хуулийн шинэчлэлтээсбилүү бизнесийн таатай орчинг хүсдэг, хардаг. Хууль хэдийгээр төгс байлаа ч түүнийг нь хэрэгжүүлэх шат шатны хүмүүс нь хүнд суртал гаргаад байвал хөрөнгө оруулалт сайжрахгүй нь ойлгомжтой.
Ядахнаа хэдэн популистууд нь амаа хамхиж чадахгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг намнах бодлогоо хөдөлгөөнийхөнтэй хамт хэрэгжүүлж байхад Монгол Улс яаж мөнгөтэй болж, томоохон төслүүдээ урагшуулж чадах билээ, ёстой санасны гарз байх. Жаахан мөнгөтэй гэснээ дарамталсаар байгаад одоо гэхэд “Оюутолгой”-г тойрч талхаа олж иддэг байсан ханган нийлүүлэлтийн жижиг компаниудын ажилчдыг хоолгүй болгочихлоо. Тэднийг С.Ганбаатар тэжээхгүй нь лавтай. Гэтэл ийм их бухимдал, стресстэй байгаа хэрнээ бизнесийнхэн төрд үгээ хэлэхийг хүсэхгүй болжээ. Тендер авах нь асар их зүдэргээтэй болсон, шат шатны хурган дарга нарын гарыг хүндрүүлэхгүйгээр ажил явагдахаа больсон, татварын болоод мэргэжлийн хяналт, улсын байцаагчдын дарамт шахалт ихсэх болсон, “хуучин цагт арай ч ийм байгаагүй шүү дээ” гэсэн үгийг бизнесийнхэн амнаасаа унагаж байна. Бизнесийн салбарт төрийн оролцоо асар их байгааг хөгжлийн дэд сайд нь хүртэл хүлээн зөвшөөрч байна.
Төрд ажиллаж буй хурган дарга нар нь хүнд суртал гаргаж, популистууд нь чангаас чанга хашгирсаар байгаад Монголын эдийн засаг өнөөдөр туйлдах маягтай болчихож. Ялангуяа бизнесийн орчин. Уг нь Засгийн газар бизнесийнхнээ дэмжнэ гээд уриалаад байдаг. Том, том
төслүүд хэрэгжүүлэхээ амлаад байдаг. Гэтэл Засгийн газрын бодлогыг
дэмжих ёстой төрийн хурган дарга нар нь эсрэгээрээ чагтлаад сууж байгааг
юу гэхэв. Хэрэвзээ Монгол Улс хөгжлийнхөө зорилтыг тодорхойлохыг хүсч байгаа бол хамгийн түрүүнд хийх ажил нь бизнесийн орчин сул тавих. Үүний тулд хурган дарга нарынхаа гар хардаг явдлыг, улсын байцаагчдынхаа дарамт шахалтыг багасгаад өгөөч ээ гэж бизнесийнхний өмнөөс гуймаар байна.