-Арилжааны банкууд бизнесийн зээл олгодог. 888 төслийг мөн арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох гэж байна. Энэ нь арилжааны банкны зээлээс ялгаатай болон давуу тал нь юу байх вэ?
-Засгийн газраас санаачлан шалгаруулж байгаа учраас нь хүү нь жилийн есөн хувиас илүүгүй байх, тав хүртлэх жилийн хугацаатай, эхний нэг жилд зөвхөн хүү төлж, үндсэн төлбөрөө төлөхгүй, зээлийг төгрөгөөр олгоно гээд олон давуу талтай. Арилжааны банкуудаас олгодог зээлээс урт хугацаатай, хүү багатай зэрэг уян хатан нөхцөлтэй. Бондын эх үүсвэрээр санхүүжих бөгөөд бонд нь өөрөө урт хугацаатай байгаа нь давуу тал болж өгнө.
-Төслүүдийн санхүүгийн эрсдэлийг хэрхэн тооцсон бэ. Даатгалын коммпаниуд нь эрсдлийг хариуцахад хүндрэлтэй гэдгийг илэрхийлээд байгаа?
Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх: -Манай санхүүгийн систем тогтвортой бус. Томоохон төслүүд, Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжих ёстой төслүүдийг арилжааны банкууд санхүүжүүлж чадахгүй юм. Мэдээллийн эрсдлийн үнэлгээгээр хэмжих, эх үүсвэр нь хүрэлцэхгүй, аж ахуй нэгжүүдэд барьцаа байдаггүй гэх мэт асуудал үүсдэг. Тиймээс Үндэсний даатгалын корпориаци байгуулахаар ярьж байна. Энэ нь ямар нэг даатгал хийхгүй зөвхөн зээлийн эрсдэл болоод экспортод гарах бараа бүтээгдэхүүний даатгал хийнэ. Энэ төсөл явж байгаатай зэрэгцээд бид хамтад нь хийгээд явна. Нөгөө талаар манай даатгалын салбарт нарийн мэрэгжилтэй боловсон хүчин хомсдолтой. Тэгэхээр одоо байгаа даатгалын компаниудтай хамтарч ажиллана. Өөрөөр хэлбэл, зээлээ хамтраад даатгана гэсэн үг юм.
-Үндэсний даатгалын санхүүжилт төсвөөс эсвэл бондоос гарах уу?
Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх: -Санхүүжилтийн эх үүсвэрийг Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарт үүрэг өгөөд судлуулж байгаа. Ер нь бол төсвийн хөрөнгөөс санхүүжих ёстой ч энэ жилийн төсөвт суугаагүй учраас бид өөр эх үүсвэр хайж байна.
-Бэлэн болсон төсөл яг хэзээнээс санхүүжилтээ авч, хэрэгжиж эхлэх вэ гэсэн хүлээлт маш их байна л даа?
-Одоо энэ бүх зүйл арилжааны банкнаас шалтгаална. Харилцагчид, аж ахуй нэгж, компани, арилжааны банк гурав хамтарч ажилласнаар зээлийн нөхцөл хангаж байгаа төслүүдээ бэлэн болгох хэрэгтэй. Шалгарсан төсөлд санхүүжилтийг олгоод явна.
-888 төсөлд дөрвөн их наяд төгрөг шаардлагатай. Энэ жил зөвхөн нэг их наядын хөрөнгө оруулалтыг хийх үү?
-Засгийн газрын зүгээс нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг гаргахаар бэлдсэн. Арилжааны банк руу явуулж байгаа шалтгаан нь 1/3 нь Засгийн газраас гарч байгаа учраас үлдсэнийг нь арилжааны банкууд гаргах, Хөгжлийн банк бусад эх үүсвэрүүдийг судлах зэрэг ажлыг хийж байна. Хөгжлийн банкнаас сайн нөхцөлтэй зээл авах ажлыг байнга хийдэг. Оны эхэнд гэхэд Самурай бондыг гаргасан зэрэг туршлагууд бий.