Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Р.Жамсран, cудалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн, нар Төв азийн минж /Castor fiber birulai/ Тэсийн голын байгалийн нөөц газарт судалгаа хийлээ. Анх Тэсийн голд 1974-2000 онуудад нийт 37 минж нутагшуулж байсан байна. Өнгөрсөн жилийн судалгаагаар Тэсийн голын нөөц газрын орчимд 4 бүл Төв азийн минж байгааг тогтоож байсан бол энэ жил 7 бүл Төв азийн минж амьдарч байгааг судалгааны явцад олж тогтоолоо. Судалгаа хийх үед Усны булга, Голын халиуны мөр олноор ажиглагдав. Түүнчлэн судалгааны явцад Тэсийн голын нөөц газарт бор гөрөөс, зэрлэг гахай, булга, ойн солонго, эрээн хүрэн, шилүүс зэрэг амьтадтай таарч байлаа. Судалгаанд Увс нуурын дархан цаазат газрын Тэсийн хэсгийн байгаль хамгаалагч Б.Ганбат, сумын байгаль хамгаалагч Н.Очхишиг, Байгаль орчны улсын байцаагч Эко клубын багш М.Алтанцэцэг нарыг оролцуулж судалгаа хийх аргазүйд сургаж, сум орчиндоо ямар амьтад байгаа талаар ярилцаж зөвлөгөө өгч ажиллаа. Мөн Эко клубын сурагчдын дунд Ногоон парламентийн хурлыг зохион байгуулав.
Хуралдаанд 30 гаруй сурагчид оролцож сум орон нутагтаа тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэх гарц замыг эрэлхийлэн санал бодлоо байгаль орчны салбарын ажилчдад мэдээллээ гэж Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.