Өнөөдөр “Арилжааны арбитрын олон улсын бага хурал” нийслэлд эхэллээ. Уг хурлыг нээж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үг хэлсэн юм. Энэхүү хурлыг Хууль зүйн яам АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачлага төсөл, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын төв, Монгол дахь Америкийн Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байна. Хуралд МҮХАҮТ, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитр, Монгол дахь Америкийн худалдааны танхим, АНУ-ын ОУХА-ийн төлөөлөгчид болон хувийн хэвшлийн төлөөлөгчид хуульч, өмгөөлөгч, шүүгчид оролцож байна.
Арилжааны арбитрын үйл ажиллагаанд оролцогчдод олон улсын болон бүс нутаг дахь арбитрын шилдэг туршлагаас танилцуулах, тэдгээрийн талаар харилцан ярилцах боломж олгохыг зорьж байгаа юм. Мөн төр хувийн хэвшлийнхний төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар Монгол улсад хэрэгжүүлэх арбитрын шинэчлэлийн бодлогыг боловсруулагчдад зөвлөмж удирдамж болгох асуудлуудыг тодорхой болгох юм. Арбитрын шинэчлэл нь харьцангуй богино дунд хугацаанд хэрэгжих боломжтой хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө төсөв шаардагдахгүй, бизнес эрхлэхэд зарцуулдаг цаг хугацаа,зардлыг ихээхэн хэмжээгээр багасгах гэсэн 3 үндсэн шалгуурыг хангаж байгаа учраас энэ хурлыг өөрийн оронд зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болохыг бусад улс орны төлөөлөгчид онцолж байна. Арбитрын талаарх олон улсын шилдэг туршлага, сургамжийн тухай мөн тэдгээрийг Монголын нөхцөлд хэрхэн тохируулан хэрэглэх боломжийг оролцогчдод танилцуулж байна.
Монгол улсад Арбитрын шинэчлэлийг хийх шаардлага нь эдийн засгийн өсөлт хөгжилд хүчирхэг, өндөр үр нөлөөтөй, харьцангуй бие даасан арбитрын тогтолцоотой байх нь нэн чухал байгаад оршино. Бие даасан, эрүүл арбитрын тогтолцоо нь дотоод гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Мөн аливаа маргааныг цаг хугацаа, зардал шаардагддаг шүүх ажиллагаагаар биш арбитраар шийдвэрлүүлэх нь улс орнуудын эдийн засгийн болоод хувийн хэвшлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд тустай байх юм.