
Тэрээр “2013 оны хоёрдугаар сарын 8-ны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Улаанбаатар хотын хог хаягдлын менежмэнтийг баталсан. Энэ тогтоолын хавсралтад “анхан шатны хог хаягдлыг зориулалтын уутанд хийж хэвшүүлнэ” гээд заачихсан байгаа.
Би гэр хорооллын иргэдтэй уулзалт хийж хогны ууттай болгоё гэхэд бүгдээрээ алга ташин хүлээж авсан. Бүр “Азийн цагаан дагина” гэх нэрийг чинь хүртэл иргэдийн санал болгосноор өгсөн юм шүү дээ. Иргэдийн хувьд хогны хураамж төлдөг. Байрны өрхүүдээс 2000 төгрөг, гэр хорооллын өрхөөс 2500 төгрөгийг авдаг. Иргэдийн хувьд ийнхүү төлбөр төлснийхөө төлөө хогны уут авч байгаад тааламжтай байгаагаа хэлж байгаа. Ийнхүү хог хаягдлын менежмэнтийн хүрээнд 9,7 тэрбум төгрөгийг хуримтлуулж байгаа. Хувь өрх дээр тооцвол 1415 төгрөгийн үнэ бүхий 15 уутыг тарааж байгаа. Өрхийн хураамж болгон өгч буй 2000, 2500 төгрөгний 1415 нь ийнхүү хогны уут болон очиж, үлдсэн нь тээвэрлэлтийн зэрэг зардалд зарцуулагдаж байгаа. Сингапурт л гэхэд хог хаясан л бол сая гаруй төгрөгийн торгууль төлдөг. Иймдээ ч иргэд нь хогны уутаа өөрсдөө ирээд худалдаад авдаг.
Сая Захирагчийн ажлын албанаас түүвэр судалгаа хийхэд 70 хувь нь хогны уутаа хэрэглээд хэвшсэн гэх дүн гарсан, мөн 70 хувь нь уут тараахыг зөв гэж саналаа өгсөн байна. Бусад улсын хувьд ингэж хогны уут хэрэглэхийг хэвшүүлэх гэж нэлээд хугацаа зарцуулдаг. Харин манайд хэрэгжиж эхэлж буй эхний жилд л 70 хувьтай байна гэдэг нь өндөр үзүүлэлт. Тэр ч бүү хэл Францад биднийг дуурайж хогны ногоон уут хэрэглэж байна шүү дээ. Хогны уутны мөнгийг хүүхдийн эмнэлэг барихад зарцуулах тухай санааг сөргүүлэн тавьж, санал асууж буй цахим хуудсуудыг сонирхлоо. Гол нь хүүхдийн эмнэлэг барих асуудлаа төсөвтөө тусгаад явж болно шүү дээ. Хогны хураамжийн мөнгийг юунд зарцуулахыг нарийн тусгаад өгчихсөн байгаа. Хэрэв энэ мөнгөөр хүүхдийн эмнэлэг барина гэвэл хууль зөрчсөн явдал болно.
Бид хогны уутыг үндэснийхээ компаниас худалдан авах худалдан авах ажиллагааны журмаа баримталсан. Гаднаас авахгүй, үндэсний үйлдвэрлэгчдээс авахаар болсон. Ингэж хэвлэдэг хоёр үйлдвэрээр л хийлгэж байгаа. Эдгээр үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт болж, ажилчин нэмж авч байгаа.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уут тарааж байгаа, хэрэв шаардлагатай гэж үзвэл хогны уут тараахыг үргэлжлүүлэх эсэхээр иргэдийн дунд санал асуулга явуулж өгнө үү гэх зарчмын саналыг гаргаж байна.
Би энэ асуудалд машиныг дугаараар нь хязгаарлах эсэхээр явуулж байсан шиг санал асуулга явуулах эрхгүй. ИТХ-ын тогтоолоор заасан зүйл учраас иргэдийн хурлаас санал асуулга явуулах асуудлыг шийдвэрлэх боломжтой. Миний хувьд ийм санал хураалт явуулах зарчмын саналыг оруулж байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Ийнхүү танилцуулга хийсний дараа ИТХ-ын төлөөлөгчид саналаа хэлцгээсэн бөгөөд Д.Амарбаясгалан “Өөрөө эхлээд хэлэхдээ хууль, тогтоол ёсоор л хийхээс аргагүй байна гээд байсан. Тэгээд иргэд больё гэвэл больчихьё гэсэн нь юу гэсэн үг вэ” гэсэн бол Г.Ганбаяр төлөөлөгч “Өмнөх зүйлийг яривал хогны уутны асуудал чинь ИТХ-ын нэгдсэн хурал дээр орж ирэлгүй, сүүлд төсөв дээр гэнэт ороод ирсэн зүйл шүү дээ. Жил өнгөрлөө. Иргэд болохгүй, бүтэхгүй байна гэдгийг нь хэлж байна. Хогны уутыг яагаад ад үзээд байна гэвэл хогны уут чинь өөрөө хог болоод байгаад шүү дээ” гэв. Мөн дараагаар нь Д.Байдраг “хогны уутыг харин ч боловсронгуй болгох хэрэгтэй” гэсэн бол С.Амарсайхан төсвийн талаар асуудал тавьж “анх жилд 3 тэрбум төгрөг гэж батлагдаж байхад энэ төсөв дахиж өсөх үү гэж асууж байсан. Тэр үед хариулт өгөөгүй. Гэтэл 2014 онд 4,7 тэрбум төгрөг гээд ороод ирж байна. Цаашид энэ дүн өсөхгүй гэсэн баталгаа байгаа юм уу” гэсэн байна.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг ёсоор танилцуулгатай холбоотойгоор санал асуулт тавих болохоос биш аливаа нэгэн санал хураалт явуулахгүй бөгөөд хогны уутыг цаашид тараах эсэх тухай хотын дарга Э.Бат-Үүлийн зарчмын саналыг тусад нь хэлэлцэн шийдвэрлэх юм. Ийнхүү хуралдааны төгсгөлд Иргэдийн төлөөлөгчдийн олонхиор хогны уутыг үргэлжлүүлэн тараах эсэх санал асуулт явуулах тогтоолыг баталсан байна.