БНХАУ 2012 онд эдийн засгийн үсрэнгүй хөгжлийнхөө хурдыг сааруулж, “хөөсөө хамж” эхэлсэн. Улс даяараа зарлага, худалдан авалтаа тодорхой хэмжээгээр хумьсан гэж буй ч Хятадын нүүрсний импортын хэмжээ буурсангүй. Өвөр Монголын бизнес хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Баатар “Хятадад нүүрс нийлүүлэх улс орон нэмэгдсээр байна. Мөн Хятад өөрсдөө ч газар нутгаасаа их хэмжээний нүүрсний орд хайн илрүүлж байгаа. Гэсэн ч нүүрсний импортоо багасгаагүй. Монголын хувьд энэ орон зайд өөийн баттай байр суурийг эзлэхийн тулд нүүрснийхээ чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэх хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Энэ чуулга уулзалтын зорилго бол гадаадын хөрөнгө оруулалт татах БНХАУ-тай эдийн засагт үр өгөөж өгөх ямар ажлуудыг хийх хэрэгтэй талаарх гарцаа хайх юм. Тийм ч учраас түншүүд ийн уулзсан хэрэг. Одоогийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 6000 Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгаа талаарх мэдээллийг Хятадын төв банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын менежер Лин Пей өглөө. Энэ нь уул уурхай, зам, барилга, эрчим хүч, мал аж ахуйн салбарт хамаарах бөгөөд ажиллах хугацаанд багагүй хүндрэл гарсаар ирсэн учраас Монголын зах зээлээс эхнээсээ гарч байна гэв. Учир нь банк, санхүүгийн салбарт хувьд, Монголын арилжааны банкны санхүүгийн чадамж дутмаг тул Хятадын аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахад бэрх гэж хэлэх юм билээ. Монголын хувьд дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлээ санхүүгээр дэмжиж чадахгүй байхад гадны хөрөнгө оруулалттай компанийг дэмжих нь бодит хөрсөн дээр буух асуудал биш юм. Үүнийг шийдэхийн тулд Хятадын банкнаас Монголын банкуудад хөрөнгө оруулах замаар хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжих гэхээр манай банкуудын зээлжих чадамж муугаас бүтэлгүйтэж байгаа ажээ. Тиймээс Монголын санхүүгийн байгууллагын төлөөлөл Хятадын төв банкныхантай хамтарч судалгаа хийх хэрэгтэй талаарх саналыг Монголын бодлого боловсруулагчдад тавьж байна. Ингэснээр Монголын банк, санхүүгийн байгууллагын хөрөнгийн асуудлыг цэгцлэхээс гадна зээлийн хүүг бууруулах боломжтой гэж байна. Санхүүгийн хувьд бол ийм асуудал байгаа гэж учирлалаа.
Монголын хууль тогтоомжоор нэг гадаад улсын ажиллах хүчний тоог Монголын хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан. Квотыг салбар бүрээр ялгадаг. Жишээ нь, барилгын салбарт нийт ажиллагсадын 25 хувийг гадаадын иргэдээс авч болно. Газрын тосны салбарт 75 хувь байх зэргээр тогтоодог байна. Учир нь тухайн салбарт ажиллах нарийн мэргэжилтэй ажилтан дотоодод хэр их байдаг билээ гэдгээс хамаарч, дутагдалтай салбартаа гадаадын ажиллах хүчнээс илүү авч болдог ажээ.Тэгвэл Хятадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид энэ хэмжээг нэмж, уян хатан болгох боломж бий юу гэдгийг чуулга уулзалтын үеэр хэлээд амжсан. Сүүлийн жилүүдэд Монгол гадаадын ажиллах хүчний квотоо улам бүр чангаруулж байгаа нь Хятадын компаниудад ажил гүйцэтгэхэд нэн бэрхшээлтэй болж байгаа гэв. Үүнд манай бодлого тодорхойлогчдын хувьд хууль дүрмийн дагуу шийдвэрлэх асуудал гэдгээр хариулж байсан. Монголын хувьд инженер техникийн мэргэжилтнүүд маш дутмаг байдаг учраас Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд ажиллах хүчнээр дутагдаж, хууль зөрчин ажилтан нэмж авдаг нь Монголын хуулийн тэрслүүд үзэлтэн мэт харагдаж байна гэж тайлбарлав. Эдгээр саналуудыг 2002 онд Улаанбаатар хотноо байгуулагдсан Хятадын хөрөнгө оруулагчдын “Зун Хуа” нийгэмлэгийн дарга Лю Вэн Кө болон компаниудын төлөөлөл хэлсэн юм.
Энэ нь хууль бусаар ажиллаж буй хятад иргэдээ өмөөрсөн нэг шалтаг гэдгээр чуулганд ирсэн Монголын ажил олгогчдын зарим нь үзэж байсан.Ийнхүү Монголд хөрөнгө оруулагчдын эхний эгнээнд бичигддэг Хятадын төлөөлөгчид тал бүрийн асуудлаа дэлгэн тавьлаа.