Монгол хэв маягтай архитектор бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Монгол хэв маягтай архитектор бүтээнэ

Монголын архитектор залуучуудын уулзалт өчигдөр буюу гуравдугаар сарын 26-ны үдэш “VLVT” клубт болж өнгөрсөн. Тус уулзалтын үеэр архитекторчид өөрсдийн үзэл бодлоо хоорондоо солилцсон юм. “One event” уулзалт нь хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд түрүү жил “One party” нэртэйгээр зохион байгуулагдаж байжээ. Энэ үеэр А.Наранбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Архитектор залуусын уулзалт нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ удаагийн уулзалт юугаараа онцлог вэ?

-“One design” студи нь “One design” архитатур интерьер, дизайны мэргэжлийн чиг хандлагатай нэвтрүүлгийг хийгээд хоёр жил болж байна. Анх энэ нэвтрүүлгийг хийж эхэлсэн зорилго маань өөрсдийн мэргэжлээ хүмүүст таниулах зорилготой байсан. Интерьерийн салбар маань өөрөө их шинэ салбар. Интерьер гэдэг зүйлийн ард их олон зүйл багтдаг урлаг, шинжлэх ухаан, гэрэлтүүлэг, мэдрэмж гэх мэт олон зүйл оршиж байдаг шүү дээ. Мөн энэ зүйл дээр манай дизайнерууд яаж ажилладаг вэ гэдгийг хүмүүст таниулах зорилготой хийдэг нэвтрүүлэг. Уг нэвтрүүлэг маань уран бүтээлчдийг олонд сурталчилах зорилготой явсаар бүтэн жилийг тойроод “One party” хэмээх шоу зохион байгуулсан. Тус шоуны зорилго нь нэвтрүүлгээрээ оролцсон залуучуудыг цуглуулаад хооронд нь танилцуулах зорилготой уулзсан нь их үр дүнтэй болсон. Хотын удирдлагууд ч уг арга хэмжээнд багагүй анхаарал тавьж оролцлоо.

-Цаашдаа хотын удирдлагатай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Анхны уулзалтын дараахан Нийслэлийн архитатур дизайны хэлтэс гэж байгуулагдсан. Уг хэлтэс нь уран бүтээлчид хотын удирдлагатай хамтарч ажиллах хотоо гоё болгох тал дээр хамтарч ажиллана. Хүмүүс ярьдаг даа “Хотын тавилга” гэж. Бид хотын дизайныг уран сайхны, сэтгэлд хоногшисон, өөрийн гэсэн өнгө төрх бий болгох зорилготой ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд интерьер дизайнеруудын холбоо харьцангуй цэгцтэй болж байна. Цаашдаа олон зүйл дээр хамтарч ажиллана гэж найдаж байна.

-Манай залуучууд ямар дизайны чиг хандлагаар ажилладаг вэ?

-Монгол хэв маяг гэж юу юм бэ гэдгийг маш их анзаарч ажиллаж байгаа. Гадны өнгө төрхийг хуулж ханалаа шүү дээ. Одоо эргээд нэг зүйлийг харж байгаа нь “бид нар яг юугаараа онцлог юм бэ”, “Юуг бид илэрхийлэх хэрэгтэй юм бэ гэдэг” гэдэг асуултын хариултыг олох. Тэр нь Монгол хэв маягийг яаж хэрхэн гаргаж ирэх вэ түүнийг юугаар илэрхийлэх вэ гэдэг ч юм уу олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй байна.

-Гадаадад ажилладаг монгол архитектор хэр олон байдаг бол?

-Гадаадад ажиллаж байгаа Монгол залуучуудыг эх орондоо авчирах, тэднийг сурталчилах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Гадаадад төгссөн залуучууд Монголд олон бий.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж