Монгол Улсын Ерөнхийлөгч их, дээд сургуулийн багш, эрдэмтэн докторуудтай уулзаж “Хөгжлийн асуудлаар,,,” илтгэл тавьж шинжлэх ухааны байгууллагуд “бөөн” болж ажиллахыг уриалсан. Энэ тухай болон улсын хөгжлийн бодлогын талаар ШУТИС-ийн ЭХИС-ийн тэргүүлэн профессор Ч.Нацагдортой ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн тавьсан илтгэлийг эрдэмтэд таатай хүлээж авч байх шиг байна. Таны хувьд эндээс ямар дүгнэлт хийв. Юуг нь та онцолж хэлмээр байна?
-Монгол улс яаж хөгжих, улсын хөгжилд эрдэмтэд, судлаачид, их сургуулиудын үүрэг роль ямар байх вэ гэдэг шинэлэг санаа өгснөөрөө ерөнхийлөгчийн лекц сонирхолтой байлаа. Миний хувьд электрон автоматжуулалтын чиглэлийн хүн учраас жаахан явцуудуу ойлгосон байж болзошгүй. Миний ойлгосноороо ерөнхийлөгч Монгол Улс өөрийн онцлог дээр тулгуурлаад яаж хөгжиж болох вэ гэдэг үндсэн санааг хэлсэн л дээ. Бид түүхээсээ авахуулаад задгай сэтгэдэг, сэтгэхүй сайтай оюуны потенциал өндөртэй ард түмэн. Үүний нэг жишээ нь 10 хэдэн настай хүү дэлхийн том уралдаан тэмцээнд очоод 100 гаруй орны улстай уралдаад дэлхийн хэмжээний сургуульд урилгаар суралцаж байгааг онцолсон. Түүгээр дамжуулаад хүүхэд залуучуудыг сургахын тулд сурах аргад суралцуулах ёстой юм байна. Асуудлыг өөрөөр нь шийдүүлж сургах ёстой юм байна. Орчин үеийн технологийн хөгжлөөс харахад боловсролыг зүгээр багш номлоод, оюутан тэрийг дагадаг үе өөрчлөгдөж. Оюутан бол ном хийдэг цүнх биш. Оюутан хүн эрэлхийлдэг, мэдээллийн орчинд чөлөөтэй явж өөрийнхөө чадлаар далайгаас сувд шүүрдэх боломжтой цаг үе ирсэн гэдгийг тэмдэглэсэн. Манай улс ч гэсэн үүн рүү зохих хэмжээгээр очсон байна. Их дээд сургуулийн хувьд хэдэн хүүхэд суулгаад 4-5 жил түгжчихээд тодорхой программаар шахаад уйдаагаад байдаг нэг хэвийн байдлаасаа салж, арай чөлөөтэй, үзэх гэсэн юмаа өөрсдөө сонгоод үзэж болдог систем рүү чиглэх. Ирээдүйн их сургууль бол ямар оюутан сурч байна гэдгийг л бүртгэдэг, оюутнууд нь заавал анги танхимд суулгаад байдаг байдал холдож байна. Энэ мэт сургалтын чиг хандлага өөрчлөгдөж байгааг хэлсэн. Энэ нь өнөө маргаашдаа шууд хэрэгжчихгүй ч гэсэн бид тэр зүг рүү явах ёстой юм гэдэг орчин үеийн сургалтын онцлогийг тод томруун хэлж өглөө.
-Шинжлэх ухаан өөрчлөгдөж байна гэсэн. Яг яаж өөрчлөгдөөд байгаа юм бэ?
-Шинжлэх ухаан урьд нь хурд муутай байсан юм байна. Нэг хэсэг хүн тодорхой салбарыг судлаад явдаг. Тэр судалгааг нь бас нэг хэсэг хүмүүс хэрэгжүүлэх гэж хойноос нь явдаг байсан. Өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж байна. Асуудлаа тавиад тэрийгээ шийдэхийн төлөө ажиллахыг л судалгаа гэж ойлгодог болсон. Өөрөөр хэлбэл, өмнөх болон орчин үеийн судалгааны арга зүй юугаараа ялгаатай болчихов гэхээр ямар нэгэн асуудал гараад тэрийгээ шийдээд тэр нь шууд хэрэгжээд үр дүнгээ өгөөд явдаг байдалд шижлсэн байна гэж би ойлгож байгаа.
-Эрдэмтэд кластр буюу “бөөн”-ий зарчмаар зохион байгуулагдаж ажиллабал богино хугацаанд хурдан үр дүнд хүрэх боломжтой гэж ерөнхийлөгч хэлсэн. Үүнтэй та санал нэгдэх үү?
-Гол ойшоож ойлгосон зүйл бол ерөөсөө л тэр. Нэг асуудлыг тавиад тал талаас нь судлаад “бөөн” болж ажиллахыг дэмжиж байгаа.
-“Бөөн” гэдгийг та тайлбарлахгүй юу. Бүх шинжлэх ухаан бөөгнөрнө гэсэн үг бас биш байх. Танай салбарын хувьд “бөөн” болж ажиллабал ямар үр дүн харагдаж байна?
-Мэдээж хэрэг бүх шинжлэх ухаан бөөгнөрөхгүй. Тодорхой чиглэл чиглэлээрээ бөөгнөрөөд ажиллбал амжилтад хүрнэ. Манай салбар гэхээр цахилгаан автоматик, үйлдвэрийн процесс, технологийн процессийн автоматжуулалт зэрэг хамаарна. Тодруулбал, сүүлийн үеийн программчлах техник, тоон техникийн ололт нөлөөлөөд атомат удирдлагатай зүйл бүтээдэг, ухаалгаар удирддаг, хянадаг зарчимтай үйлдвэрийн процессийг бий болгодог. Бид энэ чиглэлээр “бөөн” болоод монголын хөрсөн дээр ургуулсан технологийг автоматжуулж болж байна. Гэхдээ бид хүнс бэлтгэх, айраг, цагаан идээ бэлтгэх технологи талын хүмүүс биш. Харин тэр салбарын хүмүүс технологи гараад ирвэл түүнийг нь хүний оролцоогүйгээр хянадаг, автоматжуулдаг систем бүтээх боломжтой. Тиймээс бид хүнсний эсвэл эрүүл мэндийн технологийн процесс боловсруулдаг улстай нийлж “бөөн” байгуулаад ажиллах юм бол үр дүнд хүрнэ.
-Эдийн засгийн мэдлэг бий болгож, шинжлэх ухааны дэд бүтцийг дэлхийн жишигт хүргэнэ гэж яриад байгаа. Тийм боломж хэр ойрхон байгаа вэ?
-Манайд шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн хуучин социалист орны бүтцээ хадгалаад явж байгаа. Оросын шинжлэх ухааны байгууллагуудын гол цөм нь академик байгууллагууд байдаг. Том том тусгайлсан хүрээлэнгүүддээ судалгаа хийдэг. Манайд шинжлэх ухааны академи гэж шинжлэх ухааны том цөм байгууллага байна. Харин зах зээл хөгжсөн бусад орнууд арай өөр бүтэцтэй байдаг. Жишээ нь их, дээд сургууль дээрээ шинжлэх ухаан нь төвлөрч явагддаг. Тэгэхээр манайх хуучин бүтцээ хадгалсан байдалтай, их, дээд сургууль зэрэгцээд гараад ирсэн хоёрдмол бүтэцтэй болчихсон. Ер нь дэлхийн хөгжлийн чиг хандлагыг хараад байхад их, дээд сургууль дээр шинжлэх ухаан нь төвлөрсөн бүтэц нь арай л өгөөжтэй ажиллаад байх шиг байна. Хамгийн ойрхон БНСУ-аас жишээ аваад ярихад сургууль дээрээ кластр байгуулсан бүтэцтэй юм байна. Тэнд профессор хүн тодорхой чиглэл аваад л явдаг. Тэр чиглэлийг улсаас нь бүр хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулаад өгчихдөг. Манай улс 10-20 жилийн дараа дэлхийд юугаараа тэргүүлж хөгжих юм бэ гэдэг бодлогоо гаргачихаад тэрний дагуу мөнгө хаядаг. Жишээ нь, робот техник солонгост хамгийн залуу хөгжсөн салбар. Үйлдвэрлэл хөгжихийн хэрээр робот техник хэрэгтэй юм байна гэдэг судалгааг 15-16 жилийн өмнөөс хийгээд л түүнийгээ санхүүжүүлээд явдаг юм байна. Одоо БНСУ-ын робот техникийн хөгжил япон, АНУ-тай өрсөлдөхөөр өндөр түвшинд хүрчихсэн. Ингэж улс орон өөрсдийнхөө хөгжлийн төлөвийг тодорхойлоод тэр чиглэлийнхээ шинжлэх ухааны салбарыг бодлогоор хөгжүүлдэг арга байна. Ерөнхийлөгчийн хэлснээр “бөөн” байгуулаад түүн дээрээ түшиглэх их, дээд сургуулийн оюуны потенциал, олон хүний үзэл бодлыг нэгтгээд хөгжиж болдог юм байна гэдгийг БНСУ харуулж байна. Энэ жишгээр манай улс мэдлэгийг эдийн засгийг хөгжүүлэх боломж байна гэж харж байгаа.
-Шинэчлэлийн засгийн газраас ийм зорилго тавьж их сургуулийг судалгааны сургууль болгохоор ажиллаж байна. Энэ өөрчлөлтийг та бүл эерэгээр хүлээж авч байгаа юм байна гэж ойлголоо?
-Үндсэн хөгжлийн энэ чиглэлийг маш зөв гэж бодож байгаа. Чухам яаж хийх вэ гэдэгт л асуудал байгаа юм. Одоо хүрчихсэн түвшнээсээ ухрахгүйгээр яаж шилжих вэ гэж бодох хэрэгтэй. Зүгээр нийлүүлэхийн тулд нийлүүлээд цөөлөхийн тулд цөөлөөд шуураад явчихвал бас болохгүй.
-Ингэж л өөрчилбөл зөв дөө гэсэн санаа, гаргалаа юу байна?
-Энэ тал дээр эдийн засгийн болон талын бизнес талын хүмүүс дүгнэж хэлэх байх. Би зөвхөн автомат элеотроникийн чиглэлийн хүн учраас өрөөсгөл зүйл ярьж магадгүй. Бид нарт одоо хүрчихсэн тодорхой түвшин гэж байгаа. Тэрнийгээ алдахгүй, хаана ямар боломж, лаборатори, боловсон хүчин байна түүнийг түшээд маш зөв зохион байгуулалтад оруулаад явах хэрэгтэй. Тэгэхгүй механик байдлаар шахалтаар өөрчлөлт хийх юм бол бид хүрчихсэн түвшнээсээ саармагжихад хүрч магадгүй гэсэн болгоомжлол байна. Ерөнхийдөө олон задарсан юмыг багасгах, их дээд сургуулиудын хооронд байгаа хичээлийн давхардлыг багасгах, оюутнуудаа тодорхой чиглэлээр чөлөөтэй сонголт хийж сургах тийм боломж бүрдүүлэх чиглэлээр явна гэдэг туйлын зөв. Энэ зүг явж байгаа гэдгийг ерөнхийлөгч ч хэлсэн. Манай боловсролын яам ч ийм бодлого барьж байгаа. Ийм бодлогыг харин хэрэгжүүлэхдээ тун болгоомжтой, судалгаатай хандах хэрэгтэй. Гэхдээ удаад байж хэрэггүй байх. Ямарваа өөрчлөлт шинэчлэлт эрчимтэй явах ёстой. Энэ мэргэжил хаана хэрэгтэй, оюутнуудын хэдэн хувь нь ажилтай байна гэдгийг харчихдаг. Эрдэмтэн профессорууд ингэж яриад байна, зөв ярьж байна уу гэдгийг тал талаас нь судалж хийх юм бол энэ өөрчлөлт шинэчлэл үр дүнтэй болох байх. Цаашдын зөв хөгжлийн гольдрол руу ойртох байх гэж бодож байгаа.