
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд тав дахь жилдээ зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн форумын тухай, үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр иргэдээс ирүүлсэн 888 төслийн санхүүжилтийг хэрхэн олгох тухай, мөн Чингис бондын хөрөнгийг юунд зарцуулсан тухай товч мэдээлэл хийсэн юм.
Экспортыг дэмжих хүрээнд олон зүйлийг дотооддоо үйлдвэрлэх санаачлагыг иргэд гаргаж, сонгон шалгаруулалтад 888 төсөл үлдэж, санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь арилжааны банкнаас тавьсан шаардлагыг тухайн төсөл хангаж байгаа нөхцөлд Хөгжлийн банкнаас санхүүжилтийг нь олгох замаар зээл олголт үргэлжлэх гэнэ.
Харин олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларыг олон чиглэлээр зарцуулсны нэг хэсэг нь цементийг дотооддоо үйлдвэрлэх компаниудыг дэмжихэд зориулагджээ. Тухайлбал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт дэмжлэг үзүүлснээр жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэдэг байсан бол удахгүй 1 сая тонн цемент үйлдвэрлэх аж. Дорноговь аймагт мөн дээрх чиглэлийн үйлдвэр ашиглалтад орсноор 2015 оноос Монгол Улс цементийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах юм байна.
Шинэчлэлийн Засгийн газар орон нутгийг хөгжүүлэхэд анхаарч “Шинэ сум” төслийг хэрэгжүүлжсэнээр ирэх бямба гаригт Баянхонгор аймгийн нэр бүхий хоёр суманд шинэ сум ашиглалтад орох болжээ. Дээрх төсөл өнөө жил ч үргэлжилнэ, 10 гаруй сумыг шинэчлэхээр шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгасан. Мөн аймгуудыг хөгжүүлэхэд анхаарч энэ онд найман аймагт 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна. Түүний нэг нь Хэнтий аймаг аж. Ирэх даваа гариг буюу гуравдугаар сарын 31-нд Ерөнхий сайд тус аймгийг зорьж, 1000 айлын орон сууцны шав тавих ёслолд оролцохын зэрэгцээ оношлогооны төвийн нээлтэд оролцох аж. Улаанбаатар хот руу буцах замдаа Говьсүмбэр аймагт ажиллана гэж хэллээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалько” компанид өгөх ёстой өр хэзээ эцэслэгдэх вэ. Нүүрс олборлоод л байдаг өрөнд яваад байдаг?
-“ЭрдэнэсТавантолгой” компани ирэх тав, зургаан сардаа багтаад “Чалько”-гийн өрөөс гарна. 140 гаруй сая ам.долларын өр цэгцрэх юм. Энэ оны эхний улирлын байдлаар Цанхийн баруун, зүүн уурхайгаас нийт 600 гаруй мянган тонн нүүрс экспортолсны 200 орчим мянган тонн нь “Чалько” компанийн өрөнд шилжсэн. Байдал бол ийм л байгаа. Өртэй болохоор нэг ч төгрөг авах боломж алга.
-“Эрдэнэс тавантолгой” компанийн менежментийг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Олон арга хэмжээ авч ажиллаж байгаа.
-Эдийн засгийн форум дээр бизнес эрхлэгчид өмнөд, хойд хөрш рүү бараа, бүтээгдэхүүнээ экспортлоход татварыг бууруулах шаардлагатай байгаа тухай асуудал хөндсөн. Энэ чиглэлээр Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ?
-Хятад руу манай бүтээгдэхүүнүүд экспортлогдоход татварын хувьд гайгүй. Харин ОХУ-ын худалдааны татвар өндөр. Тус улс Дэлхийн худалдааны байгууллагад элсчихсэн, өндөр татваруудаа тодорхой хэмжээгээр буулгах амлалт авчихсан энэ чиглэлээр манай яамдууд мөн ажиллаж байгаа.
-Эрчим хүчний салбарынхан Монгол Улс эрчим хүч экспортлох боломжтой. Гол нь урд хөрштэй Засгийн газар хооронд хэлэлцээр хийх шаардлага байна гэх?
-Эрчим хүчний салбарт ойрын жилд хураагаагүй ургацыг 2014 онд хураана. Нэг жилийн дотор 173 мгв-таар цахилгааны хүчин чадлаа нэмэгдүүлсэн түүх байхгүй. Тухайлбал, энэ онд IV цахилгаан станц 123 мгв-таар, III цахилгаан станц 50 мгв-тыг тус бүр суурилуулна. Ингэсэн нөхцөлд ирэх жилийн өвлийн цахилгааны хүндрэл багасна. Мөн Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орох ёстой, хүчин чадал нь 450 мгв-т. Эхний ээлжинд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангачихъя.
-Монголын эдийн засгийн форумд Эдийн засгийн хөгжлийн сайд яагаад сая оролцсонгүй вэ?
-Энэ чинь Засгийн газрын арга хэмжээ биш, төрийн бус байгууллагын зохион байгуулж байгаа арга хэмжээ. Хэнийгээ яаж оролцуулах нь тэдний асуудал. Засгийн газар очиж, баахан юм ярих талбар биш, бизнесийнхэн ирж хөгжил, эдийн засгийн асуудлаа ярьдаг хөгжлийн гарцаа эрэлхийлдэг талбар.
-Оюутолгой компани далд уурхайгаа зогсоож магадгүй гэх мэдээлэл гарах боллоо. Засгийн газар талаас зарим асуудал дээр саад тавиад байна уу?
-Хоёр зүйл байгаа. Засгийн газар байгуулагдсан үеэс Оюутолгойн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлье гэдэг байр суурин дээр байгаа. Одоо ч энэ байр суурь хэвээрээ. Дэлхийн эдийн засгийн байдал сайнгүй байгаагаас түнш маань хөрөнгө оруулахаас яарахгүй байгаа. Түүнээс Монгол Улсын Засгийн газраас болж асуудал үүсээд саатсан юм байхгүй.