Максим Ковтун богино үзүүлбэрт VI байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Максим Ковтун богино үзүүлбэрт VI байрт шалгарлаа

ОХУ-ын уран гулгагч Максим Ковтун богино үзүүлбэрт зургаадугаар байрт шалгарлаа.
Японы Сайтама хотноо уран гулгалтын 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр/03.26/ эхэллээ. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр болсон эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт Японы Тацуки Мачида 98.21 оноогоор тэргүүлсэн бол Испанийн Хавьер Фернандес(96,42), Сочийн олимпийн аварга Японы Юзуру Ханю(91,24) мөнгө, хүрэл медаль хүртлээ. ОХУ-ын уран гулгагч, 18 настай Максим Ковтун 84.66 онооны үнэлгээгээр зургаадугаар байрт шалгарлаа. Ковтун тэргүүлэгчээс 13.55 онооны алдагдалтай явна.

Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад Максим Ковтун XVII байр эзэлж, улсдаа олимпийн ганцхан эрхийг авчирсан ч Сочийн наадамд шигшээ багтаа багтаж чадаагүй. Нэрт уран гулгагч Евгений Плющенко ОХУ-ыг төлөөлсөн бөгөөд Сочийн багийн төрлөөс алтан медаль хүртсэн. Гэвч Плющенка богино үзүүлбэрээ үзүүлэхийн өмнө бие халаалтын үеэр бэртэл авч, улмаар тэмцээнд оролцохоос татгалзаж, зодог тайлсан. 

Сочийн олимпийн наадам хуучраагүй энэ үед Япон улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэлхийн гурван удаагийн аварга, Сочийн мөнгөн медальт Канадын Патрик Чан, өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт, Сочийн хүрэл медальт Казахстаны Денис Тен нар өнжсөн. Тиймээс Сочийн наадамд оролцоогүй Максим Ковтуныг дэлхийн аваргад хүчтэй өрсөлдөгч байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байсан. Гэвч тэрээр богино үзүүлбэрт эхний гурван байрт шалгарч чадсангүй. Эрэгтэйчүүдийн богион үзүүлбэрт 32 тамирчин өрсөлдсөнөөс 24 нь маргааш болох чөлөөт үзүүлбэрт оролцох эрхээ авчээ.


Зүүн гар талаас: Богино үзүүлбэрийн мөнгөн медальт Испаний Хавьер Фернандес, алтан медальт Японы Тацуки Мачида, хүрэл медальт Японы Юзуру Ханю

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хувьд богино болон чөлөөт үзүүлбэрт тус тусад нь медаль олгодог аж.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр болох бөгөөд Японы нэрт уран гулгагч Мао Асада болон Сочийн наадмаас хүрэл медаль хүртсэн Италийн Каролина Костнер, олимпийн багийн алтан медальт ОХУ-ын залуу уран гулгагч Юлия Липнецка нарын 33 тамирчин өрсөлдөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж