Энэ сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Хуаншань хотноо зохиогдсон бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл, нийт таван медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ. Ази тивийн 16 орны 160 гаруй тамирчин зодоглосон тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн долоон жинд, эмэгтэйчүүдийн найман жинд нийт 15 бөх оролцсон юм.
Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-д зодоглосон “Олимп” дэвжээний бөх Б.Номин Япон, Ираны бөхийг дараалан ялж, аваргын төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын бөхөд ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд 44 кг-д Э.Нарангэрэл, 48 кг-д Б.Даваасүрэн нар тус тус хүрэл медаль хүртсэн бол 67 кг-д жинд өрсөлдсөн С.Пүрэвхүү, 72 кг-д Б.Наранчимэг нар мөнгөн медалийн эзэд болжээ. Ийнхүү манай тамирчид нийт 50 оноо цуглуулж, багийн дүнгээр дөрөвдүгээрт шалгарсан байна.
С.Цэлмэг