Ц.Энхбаяр шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Ц.Энхбаяр шүүхэд ханджээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын үүргийг гүйцэтгэж байсан Ц.Энхбаяр Эрүүл мэндийн сайдын тушаалыг эсэргүүцэн, шүүхэд ханджээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн даргыг үүргийг гүйцэтгэж байсан Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлж, өмнө нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайваныг томилсон юм. Харин Ц.Энхбаяр Эрүүл мэндийн сайдын энэхүү томилгоог хууль бус гэж шүүхэд гомдол гаргажээ. Ц.Энхбаярын хувьд ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад оролцож, доктороос дээш эрдмийн цол зэрэгтэй байх гэсэн шалгуурыг хангаагүй тул хасагдсан юм.

ГССҮТ-ийн даргагүй болоод 10 орчим хоног өнгөрч байна. Шинээр ГССҮТ-ийн даргаар томилогдсон А.Мөнхтайван ар гэрийн гачигдлын улмаас ажиллаж чадахгүйгээ албан ёсоор илэрхийлсэн байна. Тиймээс тус эмнэлгийг Бодлого, стратеги, гадаад харилцаа хариуцсан дэд захирлаар томилогдсон Х.Бат-Ирээдүй удирдаж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ажиллах үедээ сэтгүүлчдэд ярьсан байна.

Ц.Энхбаяр гуравдугаар сарын 20-ны өдрөөс өвчтэй учир ажлаа хүлээлгэн өгөх боломжгүй гэсэн хариуг өгч байсан. Харин энэ удаа Эрүүл мэндийн сайдын тушаал хууль зөрчсөн гэж шүүхэд ханджээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж