Төрийн алба, төрийн өмчит, улсын үйлдвэрийн газраас гадна хувийн хэвшлийн 90540 аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй. Эдгээрээс 51940 нь тогтмол сайн ажилладаг гэсэн статистик гарчээ. Тэгвэл идэвхтэй сайн ажиллагч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын зүгээс хамгийн ихээр нэхэмжилдэг зүйл нь ур чадвартай, зөв сэтгэлтэй ажиллах хүчин. Жил бүр их дээд сургууль, МСҮТ төгсөж буй оюутнуудаар байнга цус сэлбэх боломж байсаар атал хувь хувьсгалын байгууллагууд яагаад ажиллах хүчнээр цангаад байна вэ. Ялангуяа мэргэжилтэй ажилчны хомсдол Монголд нүүрлэсэн. Зам, барилга, бүтээн байгуулалтын ажил эхэлж буй хаврын улиралтай зэрэгцэн ажиллах хүчний хомсдол “цэцэглэдэг”. Тиймээс л хаврын анхны бороотой хамт хятад, солонгос ажилчид нүүдлийн шувуу шиг буцаад ирдэг. Гадаадын ажиллах хүчин манайх руу нүүдэллэхтэй зэрэгцэн манай улсын хөдөлмөрийн идэвхтэй хүн амын 10 гаруй хувь нь, тэр дундаа хамгийн бүтээлч хэсэг нь БНСУ, Турк, Чех зэрэг орнуудад импортлогдон одож байна. Тэд гадаадад голчлон хар бор ажил, хатуухан хэлбэл “боолын хөдөлмөр” эрхэлдэг. Оюуны бядтай олон залуус гадаадын улс оронд ажиллаж, олон шинэлэг бүтээлийг тухайн улсаар хаяглан дэлхийд таниулж байгааг энд дурдах нь илүүц биз.
Хаана ч очсон ажиллах чадвар, хурд, мэдлэг боловсролоороо шилэгдэнэ үү гэхээс гологддоггүй монголчууд эх орондоо яагаад хөдөлмөрлөх дургүй байна вэ. Хөдөлмөр хөгжлийн түлхүүр юм бол тэрхүү түлхүүрийн оньс нь болсон хөдөлмөр эрхлэгчдийн ажлын хөлсөнд хамаг учир байна бус уу. Хийж буй ажил хөдөлмөр, авч буй цалин цагаандаа сэтгэл хангалуун хүн олон байж гэмээнэ хөгжил гээч нь жинхэнэ утгаараа хурдлах байх. Гэтэл манайд эсрэгээрээ. Ажил олгогчдын зүгээс аль болох бага зардлаар ихийг амжуулахыг боддог бол ажиллагсад нь амар хялбар аргаар өндөр цалин авахыг мөрөөднө. Аж ахуйн нэгж ашгийн төлөө байх нь зах зээлийн хууль боловч чадамжид таарсан цалин хөлс, ур чадварт нь тохирсон хөдөлмөр эрхлүүлж байж үр дүн гармаар. Ажил олгогчдын олонх нь универсал ажилтан хайгаад байдгийг МУИС-ийн нэгэн багш өгүүлж байсан. Юм юм чаддаг, мөнгө олж ирдэг, байгууллагынхаа төлөө мал нохой мэт зүтгэдэг гээд өлөх өөгүй ажилтанг эзэд гаднаас эрж хайх бус байгууллага дотроосоо төрүүлэх учиртайг ч тэрбээр хэлсэн. Өнөөдрийн хувьд хүн-баялгийг өөрсдөө бүтээж, түүнийгээ үнэлж чаддаг байгууллагын жишээнд MCS группыг нэрлэнэ лээ. Байгууллагынхаа дотоодод хүмүүсээ боловсруулж, хөгжүүлж, гадаадад аялуулж, бусад орны туршлага судлуулах тал дээр тус байгууллага тэргүүнд алхдаг ажээ. Ажиллагсдынхаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудалд хөрөнгө оруулна гэдэг цалин цагааг өсгөснөөс ялгаагүй тус дэм байдаг. Гэтэл олонх байгууллагын дарга захирлууд л юм үзэж, нүд тайлан, Солонгост өвөлжиж, Хавайд зусч ирчихээд хамаг ачааг нь үүрэн үлдсэн хэдэн ажилчдаа чадваргүй, юм үзээгүй, соёлжоогүйгээр нь дуудан гоочлох нь нийтлэг. Тэд өөрсдийнхөө аялсан маршрутаар ажилчдаа явуулаад үзвэл захирлын санаагүйг ч санахыг үгүйсгэхгүй. Гэтэл ихэнх тохиолдолд боссууд л алсыг зорьдог, арай илүү хангамжийг эдэлдэг.
Гэтэл олон улсын жишиг манайхаас арай өөр байдаг юм байна. Ажиллагсдаа хөгжүүлэх, ур чадвар, сэтгэл зүтгэлд нь тохирсон цалин хөлс олгохын дээр туршлагыг нь ч үнэлдэг байх юм. Түүнчлэн бүхнийг хагас хугас мэдэх бус нэг зүйлийг л төгс эзэмшсэн ажилчид илүү үнэтэй байх жишээтэй. АНУ-д ахлах сургууль төгсөгчдийг ч дадлагажуулж өөрийн хүн болгон авах нөхцөл нь бүрдсэн байдаг бол манайд их дээд сургуулийн оюутнуудад ч мэргэжлийн ажил олдоггүй. Дөнгөж сургууль төгсөгчдийг ажилд авсан эзэн сайхан сэтгэлтэйд тооцогдоно. Тиймээс дээд сургууль төгсөөд 2-3 жил бааранд зөөгч, дэлгүүрт худалдагч, эрчүүд нь ачигч, борлуулагч хийхээс аргагүй. Ажилд орохдоо мэргэжлээрээ 2-3 жил ажилласан гэж мэдүүлэхийн тулд тэр шүү дээ. Өнөөдөр хөгжингүй орнууд, АНУ, Канад, Японд ажиллах хүчин цөөрч, тэр дундаа ур чадварын хомсдолд орж эхэлснийг олон улсын хөдөлмөрийн байгууллага мэдээлсэн нь бий. Тиймээс ч чадамжид суурилсан сургултыг чухалчилж, хөдөлмөрийн хүнийг баялаг хэмээн дээдлэх болжээ.
Хүнийг баялаг болгон дээдлэхийн тулд ажил олгогчдод бас дэмжлэг хэрэгтэй. Жил жилийн эдийн засгийн чуулган дээр ажил олгогчдын зүгээс санал болгодог ч өнөө хэр хэрэгжээгүй нэгэн хүсэлт бол хувийн хэвшлийнхнийг татвар, эрхзүйн дэмжлэг юм. Ядаж л ажиллагсдаа хөгжүүлж, сурч боловсрох зориулсан хөрөнгийг татвараас чөлөөлчихсөн бол өнөөдөр тэд ур чадвартай ажиллагсдыг төрөөс нэхэх бус өөрсдөө бэлтгэчих байсныг үгүйсгэхгүй.