Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирэх 2015 онд өөрийн биеэр танк хөлөглөж, Өмнөд рүү дайрахаар зэхэж байгаа гэнэ. “Чусон Ильбо”-д мэдээлснээр Ким Чен Ун Солонгосын хойгийг цэргийн хүчээр нэгтгэх зорилгоор армийн удирдлагуудад байлдааны стратеги боловсруулж, дайнд бэлэн байхыг тушаажээ. Ким Чен Ун Солонгосын хойгийг гурван жилийн дотор цэргийн хүчээр бүрэн нэгтгэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ тухай тэрээр 2011 онд Хойд Солонгосын төрийн эрхийг авснаасаа хойш олон удаа ярьж байсан аж.
Өмнөд Солонгосын тагнуулын агентлагаас мэдээлснээр Пхеньян Сөүлтэй энхийн гэрээ хэлцэл, уулзалт, яриа хийж байхдаа ч хойгийг цэргийн хүчээр нэгтгэх зорилгоо хадгалсаар байсан гэнэ. Түүнчлэн өнгөрсөн 2012 оны наймдугаар сард Ким Чен Ун армийн цэргүүддээ хандаж хэлсэн үгэндээ “эргэн нэгдэх их үйлд бэлтгэлтэй байхыг” сануулсаныг “KCNA” агентлагт мэдээлж байжээ. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын армийн удирдлагууд цэргүүддээ Өмнөдийн газар нутгийн талаар сайтар судалж, онцлогт нь дасан зохицох дасгал сургуулилт ихээр хийлгэдэг байна. Үүнд: Өмнөд Солонгосын уул, гол, мөрөн, авто зам, төмөр замуудын байршлыг нарийвчлан дүрсэлсэн цэргийн гарын авлагын хуулбарыг ашигладаг гэнэ.
Ким Чен Ун Өмнөдтэй дайн хийж, Солонгосын хойгийг нэгтгэх хугацааг ирэх 2015 онд товлосон нь давхар утга учиртай аж. Ирэх 2015 онд Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсан болон Солонгосын хойг хуваагдасны 70 жилийн ой тохиох юм. Үүний зэрэгцээ Хойд Солонгос зөвхөн энэ гуравдугаар сард богино, дунд зайн тусгалын 88 пуужин Зүүн тэнгис рүү харваж, өнгөрсөн мягмар гаригт /III.25/ дахин дундын зайн тусгалын хоёр баллистик пуужин харвасан билээ.