Нийслэлийн хамгийн их хүн амтай, “хөдөөнийхөн” их суурьшсан Сонгинохайрхан дүүргийн иргэдэд өвдөх эрх байхгүй болж гэмээр. Өвдсөн, эмчид үзүүлэх гэсэн, шинжилгээ өгөх гэсэн хөгшин, залуу хүмүүс үүр цайхаас эхлэн урт дараалал үүсгэх нь дүүргийн эмнэлгийн өдөр бүр болдог явдаг. Тэнд хэрүүл, маргаан болж, арай л зодолдох нь холгүй бухимдах иргэдийн буруу гэж юу байх билээ. Урт дараалалд ядарсан өвчтөн, олон өвчтөний дунд “төөрсөн” эмч нарын үл ойлголцол хэрүүл, шуугианаар өглөөг эхлээд дасчихсан уу, тэнхдийн эмч нар энэ үзэгдэлд бараг л дөжирчихөж. Хамгийн эхний хүн 05.30 цагт ирж дугаар авдаг бөгөөд 07.00 цагаас хойш ирсэн хүмүүс эмчийн үзлэгийн цаг авч чадахгүй буцах нь элбэг. Нэг эмчид үзүүлж, шинжилгээ өгөхийн тулд хамгийн багадаа гурав хоногийг зарцуулна. Хэрэв эрт ирж чадахгүй бол долоо хоног ч цаг заваа алдан тус эмнэлгийг үүдийг сахих нь энүүхэнд. Өвдсөн, өвчиндөө шаналсан, жирэмсэн, хүүхдүүд хүмүүс “Цагтаа ирдэггүй, ааш муутай, хүнд сурталтай эмч” нарыг хий дэмий шүүмжилж суух. Үд дундад шахуу "хаан" эмч морилон ирвэл их юм.
Бөөн юм болж эмчид үзүүлэх бичиг авсаны дараа эмчийн хаалганы үүдэнд дахин дугаарлана. За, тэгээд орсон, үзүүлсэн эмч бүхэн ууртай уцаартай байхыг яана. Ажил нь хүнд гэдгийг үгүйсгэхгүй ч ааш араншин нь арай биш гэмээр эмч нар цөөнгүй. Удаан хүлээлгэж, арай гэж орохын алдад цайны цаг болно. Цайны цагаасаа гарч иртэл багадаа нэг цаг ихдээ хоёр, гурван цаг хүлээх үе ч бий. Сонгинохайрхан дүүрэгт 260 мянга орчим хүн амтай. Харин энэ хүн амд ердөө хоёрхон эмнэлэг үйлчилдэг. Тодруулбал, СХД-ийн эрүүл мэндийн нэгдэл, 14-р төв. Энэ хоёр эмнэлэг дээрээ үүр цайхаас эхлэн дугаарлаад ч эмчилгээ, оношлогоо хийлгэнэ гэдэг хэдэн өдрийн ажлаа алдах хэрэг болдог аж. Орон нутгаас шилжин ирэгсдийн олонхи нь Сонгинохайрхан дүүрэгт суурьшдаг. Энэ суурьшлаа дагаад хүн амын тоо жил ирэх тусам нэмэгддэг нь эмнэлгийн хүртээмж багасгадаг ч бид бүх бололцоог ашиглан үйлчилж байна гэж байлаа.
Ингээд л эхний өдөр амжаагүй бол дараагийн өдөр дахин эрт ирж дугаарлана. Энэ мэт гурав хоногийг хэдэн шинжилгээ, оношлогоо хийхийн тулд зарцуулж байна. Эмнэлгийн үйлчилгээг иргэд үнэ төлбөргүй, шуурхай авах зарчим нь алдагдаж, иргэд өөрсдөө эмнэлгийн үйлчилгээ авах гэж гуйж, урт дараалал үүсгэж цаг алдаж, царайчилж байж нэг эмчийн бараа хардаг болж. Иймэрхүү байдал дан ганц Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт бус бүх эмнэлгүүдэд байдаг хэвийн үзэгдэл. Иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээ, эмч нарын харьцаа гээд энэ салбарт нь өөрчлөх, шинэчлэх ажил их байх шиг ээ. Эрүүл мэндийн салбарыг эрүүжүүлж, иргэддээ хүртээмжтэй, шуурхай үйлчилгээг нэвтрүүлэхийг эрхэм Н.Удвал сайдаас гуйгаад үзвэл яадаг бол.