Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Их дуулгын цуврал Английн Лондон хотноо энэ даваа гаригт эхэлсэн билээ. Сүүлийн таван жилээс Уимбльдоны талбай бас нэгэн төрлийн хувцас загварын тайз болсон гэгдэж байгаа. Ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх энэ жилийн Уимбльдоны эмэгтэй тамирчдыг хувцаслахад загварын томоохон компаниуд нийт долоон сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа гэнэ. Гол “тоглогч” болох “Nike” брэнд энэ удаад голцуу дан цагаан өнгөөр дагнасан загваруудыг зохион бүтээсэн бөгөөд Maria Sharapova, Serena Williams гэх мэт тамирчид өмсөх юм. Шарапова "Lawn Rose" нэртэй крисскросс буюу сүлжээсэн дээд хэсэг, англи сарнайн дэлбээг санагдуулам давхаргатай банзалтай өмсгөл сонгосон бол Williams "Control Lawn" нэртэй дөрвөлжин загварын хоолойтой, pin-tuck буюу “чимхсэн” мэт деталь оёдлуудтай даашинзыг өмсөх болсон байна. Дизайнер Stella McCartney Германы “Adidas” фирмтэй хамтран ажилладаг бөгөөд энэ удаад тэрбээр Данийн нэрт теннисчин Caroline Wozniacki-ын даашинзыг урлажээ. Тэр угаас “Stella McCartney for Adidas” брэндийн нүүр царайгаар ажилладаг аж.
Ж.Нил