Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Жиргээчдийн нэг өдөр нам тайван өнгөрлөө. Өчигдрийн хувьд тэрийг гээд онцлоод шуурсан сэдэв байсангүй. Урд урдын өдрийн хүүхдүүдээ хазсан “мангас аав”, сайдад бялдуучласан “бөгс долоогч”-ийн тухай мэдээллийг шинээр уншсан нь мөн л халаглаж “юу л болоод байна даа” хэмээн халагласан юм. Үүнээс гадна Утга зохиол шүүмжлэгч, судлаач П.Батхуягийн цахим хуудаснаа оруулсан нэгэн сэтгэгдлийг твитерчид татан сонирхож мөн л “юу л болоод байна даа” хэмээцгээв. Тэрээр “Яг одоо миний ширээн дээр энэ жилийн есдүгээр ангийн сурагчдаас авах "Монгол хэл-уран зохиол"-ын хичээлийн яамнаас ирүүлсэн жишиг тестүүд байна. Хайгаад хайгаад, хараагаа том жижиг болгоод ч тэндээс уран зохиолын хичээлийн нэг ч асуулт олж харсангүй. Үнэхээр "нэвчээхээр" шийдсэн бололтой. Эхлээд шалгалтнаас хасах нь дараа нь шууд "нэвчээх" нь. Дарга нар нэг л юм ойлгохгүй юм. Ард түмэнд та нар таалагдахаа аль хэдийнээ больчихсон шүү. Толгой дээрээ үүл, үйл хоёр хураагаад байгаа чинь сайны "цондон" лав биш” гэж. Ийнхүү уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах нь хэмээн шуурч, хасахгүй нь хэмээн тайлбарлаж байсан үе мартагдаагүй байхад дахин иймэрхүү яриа гарч эхлэх ч нээрээ л сайн зүйл биш байх.

Дараагийн хамгийн ихээр түгсэн жиргээнүүнэд дахиад л “юу л болоод байна даа” гэмээр. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Монголд 23-24″000 бөө байгаа гэжээ. Энэ нь эрдэмтдийн тооноос 10 дахин их гэсэн уг” гэж жиргэсэн бол өөр нэгэн “Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг бөглөчихсөн зардаг юм байна. 10000 төгрөг. Замын цагдаагын хажуу гуанзанд” гэж мэдээлэв. Энэ хоёр жиргээнд аль аль нь бизнес болчихсон, бүгд мэддэг ч яаж ч чаддаггүй, эцсийн дүнд өөрсдийгөө хуурч байгаа явдал гээд  адил талууд байх аж.

Жолооны үнэмлэх авахад хэрэг болдог үзлэгийн хуудсыг бол бараг мэддэггүй хүн ховор. Үүний талаар жиргээчид “энэ явдал аль 7 жилийн өмнө байж л байсан хэвээрээ юм байна. Өмнө нь таван мянга гэдэг байсан, арван мянга болчихож ээ” гэх зэргээр жиргэв.

Ийнхүү “юу л болоод байна” гэдгээр элбэгтэй нэгэн өдөр өнгөрсөн юм. Өнөөдөр ямар нэг сенсааци гарахгүй л “юу л болоод байна даа” ч үргэлжлэх л байлгүй дээ.

ЦАХИМ БОЛЖМОР
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж