2018 оны өвлийн олимпийг зохион явуулах эрхийн төлөө гурван хот өрсөлдөж байна. Францын Анси, Германы Мюнхен, БНСУ-ын Пёнгчан хотууд цагаан олимпийн наадмыг зохион байгуулах саналаа тавиад байгаа юм. 1981 оноос хойш олимпийн наадмыг зохион явуулах эрхийн төлөө ийм цөөн хот өрсөлдөж байгаагүй аж. Гэхдээ нэгэнт өрсөлдөх саналыг хүлээн авсан болохоор дээрх гурван хотын аль нэг нь 2018 онд цагаан олимпийг зайлшгүй зохион байгуулна. Одоогийн байдлаар Пёнгчан хот эрх авах хамгийн өндөр магадлалтай байгаа гэнэ. Гэхдээ Олон улсын олимпийн хороо 2011 оны долдугаар сарын 6-нд Дурбан хотноо эцсийн шийдвэрийг гаргаж, ялагч хотыг зарлах юм. Солонгосын Пёнгчан хот өвлийн олимп зохион байгуулахаар уйгагүй тэмцэж байгаа бөгөөд 2010 оны эрхийг Ванкуверт, харин 2014 оны эрхийг Сочи-д алдсан билээ. Тус хот энэ удаад олимпийн эрх авна гэдэгтээ итгэлтэй байгаа ч Германы Мюнхен хот тэдэнд саад болж магадгүй юм. Баварийн тэргүүн хот 1972 оны зуны олимпийн наадмыг зохион явуулсан туршлагатай. Харин Францын Анси хотын хувьд олимпийн наадам явуулах байгууламж ховор учраас өрсөлдөөнөөс хасагдах магадлалтай байгаа аж.
А.Анхбаяр
Score Studio