“Усыг дахин ашиглах гарц олох хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

“Усыг дахин ашиглах гарц олох хэрэгтэй”

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Усны үндэсний хороо, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “УИХ-аас усыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд чухалчлан авч үзэж, Усны тухай хуулийг шинэчлэн баталснаар усыг байгалийн сав газрыг зүй тогтлоор нь зохистой ашиглах, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хэмнэх, олон талын оролцоог хангасан менежментыг бүрдүүлсэн. Мөн ус бохирдуулсан хувь хүн, аж ахуйн нэгжээс төлбөр авдаг болсноор өмнө нь үйлчилж байсан Усны тухай хуулиас давуу, шинэлэг болсон. Гэвч Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт манай орны усны нөөцөд мэдэгдэхүйц нөлөөлж, усны нөөц хомсдох, түүнээс улбаалсан цөлжилт хүрээгээ тэлэх, ургамлын нөмрөг багасах, газрын доройтол нэмэгдэх зэрэг хүндрэл дагуулж байна. Улс орон тогтвортой хөгжихөд стратегийн баялаг болох ус нэн чухал. Иймээс цаашид хөгжлийн асуудалд усыг чухалчлан анхаарч, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал зэрэг салбар чиглэл бүхэнд уялдуулан авч үзэж, тогтвортой хөгжлийн үндсэн хэсэг болгох шаардлагатай. Хүн бүхэнд ус чухал ач холбогдолтой учир гол нь хэрэглээгээ дагаад усаа ухаалаг ашиглаж, усны үнэ цэнийг мэдэрч, аль болохоор хэмнэж, усаа бохидуулахгүй байж, цаашид усыг дахин ашиглах гарцуудыг олж амьдралд нэвтрүүлэг хэрэгтэй. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд өнөөдрийн усны үнэ, өртгийн асуудлыг эргэж харах зайлшгүй шаардлагатай болж байгаа бөгөөд энэ талаар ойрын үед шийдвэртэй алхам хийхэд энэхүү хэлэлцүүлэг түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах “Монгол Улсад усны дэд бүтэц байхгүйн улмаас усыг бүрэн ашиглаж чаддаггүй. Харин усны нөөцийг хамгаалахад “Урт нэртэй хууль” ихээхэн ач холбогдол өгсөн” гэлээ.

Мөн усыг ухаалаг, хүрэлцээтэй, зөв зарцуулах боломж байгааг “Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Басандорж бодит жишээн дээр тайлбарлав. Юуны өмнө усны хэрэглээг ухаалаг тоолууртай болгох нь чухал аж. Хэрэглэгч усыг хямд үнэтэй хэрэглэснээр усны үнэ цэнийг мэдрэхгүй, хайхамжгүй ханддаг. Иймээс усыг хэрэглэхэд зөв үнийн тарифтай байх шаардлагатай аж. Мөн усыг хэмнэлттэй зарцуулах эдийн засаг, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд УИХ-ын гишүүд анхаарал хандуулах. Саарал усны стандартыг яаралтай батлах нь чухал гэв. Цаашид ус хэмнэлтийн дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх, усны үнэлэмжийг дээшлүүлэх, бохир ус цэвэрлэгээний дэвшилтэт технологийг нутагшуулах нь чухал бөгөөд бага оврын цэвэрлэх байгууламжийн үйлдвэр байгуулах төслийг дэмжиж хэрэгжүүлэх асуудлыг УИХ-ын гишүүд анхааралдаа авахыг хүслээ.

Хэлэлцүүлэгт оролцогсод төгсгөлд нь 2010 оноос хэрэгжиж эхэлсэн "Ус" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг  анхааруулсны зэрэгцээ усны талаар чухал асуудал ярилцаж байхад салбарын сайд  оролцоогүйд шүүмжлэлтэй хандав.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж