Багийн ажлаас хамаарч байна

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Багийн ажлаас хамаарч байна

Төрийн үйлчилгээний чанар анхан шатны нэгж багийн ажлаас хамаарч байна

ЗГХЭГ-аас Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр хүн ам олноор төвлөрсөн хот суурингийн багийн Засаг дарга нарын ажлын нөхцөл, туршлага сургамжийн талаар ярилцлаа.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багийн ажилтнууд 2013 оны 1 сарын 1-нээс эхлэн цайны цаггүй ажилладаг, амралтын өдөр иргэдийн дуудлагаар ажилдаа ирдэг болжээ. Хөдөөгийн том сумын дайтай энэ баг 6200 хүн амтай учир үдийн завсарлагаа халахаас аргагүй болсон гэнэ. Ийм нөхцөлд илүү хүртээмжтэй ажиллахын тулд ахмадууд, эмэгтэйчүүдтэйгээ болон бусад багтай харилцдаг “Хамтарсан баг” ажиллуулдаг нь бидний санаачилсан шинэлэг зохион байгуулалтын нэг гэж 7-р багийн Засаг дарга Ч.Цэрэннадмид онцоллоо.

Орхон аймгийн төвийн Баян-Өндөр сум 90 гаруй мянган хүн амтай, Монголын хамгийн том сум. Үйлдвэржсэн хотын төвийн сумын Баянбулаг баг жилд ердөө 1 сая төгрөг бие даан захиран зарцуулдаг байна. Үүнийгээ хүүхэд, залуус, ахмадууд, нийгмийн эмзэг хэсэг зэрэг хүн амын бүлгүүддээ чиглэсэн уулзалт өдөрлөг зохион байгуулахад зарцуулдаг тухайгаа Баянбулаг багийн Засаг дарга Ч.Дагвадорж дарга танилцууллаа.

Эрх мэдэл, хөрөнгө төсөв нь сум, аймгийн завсарт орхигдож, эсвэл давхарддаг бас нэгж бол тосгон юм гэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг буюу олны нэрлэж заншсанаар Түнхэл тосгоны Засаг дарга С.Раднаабазар хэллээ. Засаг захиргааны энэ хуваарилалтыг эргэн харах, зөв зохицуулалт хийх шаардлагатайг Дархан, Сэлэнгэ аймгийн удирдлагууд ч хөндсөн юм. “Бие даасан хөрөнгө төсөвгүй одоогийн нөхцөлд хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудад эргэлдэж байгаа асар их хөрөнгийг орон нутагтаа татаж авчрахад багийн Засаг даргын хичээл зүтгэл, мэдлэг мэдээлэл тун чухал” хэмээн С.Раднаабазар дарга туршлагаасаа хуваалцлаа. Энэ зорилгооор Түнхэл тосгоноос санаачлан эхлүүлсэн “Зүүд биш байгаасай” цуврал нэвтрүүлэг багтаа төдийгүй улс даяар өрнөсөн бүтээлч хөдөлгөөн болжээ.

Багийг бэхжүүлж, дэмжих чиглэлээр үлгэр жишээ ажиллаж байгаа сум, аймгийн ЗДТГ-ын дарга нар хэлэлцүүлгийн үеэр мэдээлэл өгсөн юм. Компьютер, унаа гэх мэт нэн шаардлагатай техник хэрэгслээр багийн Засаг дарга нараа хангасан нь тэдний ажилд томоохон дэм болж буйг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ хэллээ. Орхон аймгийн захиргаанаас багууддаа шинээр ажлын байр, иргэний танхим тохижуулж, цахим сүлжээнд холбосноор багийн Засаг дарга нарт ажиллах таатай орчин бүрдсэн гэж Орхон аймгийн ЗДТГ-ын ТЗУГ-ын дарга Ш.Ганболд танилцууллаа.

Эдгээр нь орон нутгийнхны зүтгэл санаачилгаар хийгдэж байгаа үр дүнтэй ажлын жишээ юм. Томоохон хот суурины төвийн багуудын ажил, үйлчилгээ ийнхүү орчин үеийн шаардлагад нийцэн сайжирсан ч хөдөөгийн, алслагдсан сумдын багууд өнгөрсөн зуунаас ч дордож орхигдсон хэвээр байна. Багийн ажлыг улс даяар ижил тэгш үр дүнтэй явуулахын тулд удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатайг  орон нутгийн удирдлагууд санал нэгтэй хэлж байв.

Багийн Засаг дарга нарт 53 хуулийн зүйл заалтаар үүрэг хүлээлгэж, хэт олон ажил хариуцуулж байгааг цэгцлэх шаардлагатай. Бүх төрлийн статистик мэдээ гаргах нь багийн Засаг даргын нуруун дээр үүрүүлсэн том ажил. Яам, агентлаг, аймаг, сум гээд дээд шатны бүх байгууллагын ажилтнуудын гар хөл болдог энэ байдал нь чанартай, даацтай судалгаа мэдээлэл гаргаж өгөх нөхцөлгүй болгож байна. Оновчтой бодлого хэрэгжүүлье гэвэл энэ мэт тэнцвэргүй хуваарилтад зөв зохицуулалт хийх ёстой гэж Сэлэнгэ аймгийн ИХТ-ын дарга Ж.Санжжав хэллээ. Түүнчлэн, иргэний бүртгэл, нийгмийн халамжийн чиглэлийн зарим үйлчилгээг баг дээр эцэслэн шийддэг болгож шат дамжлагыг цөөлөх, багийн хүн амын тоо, ажлын ачаалалтай нь уялдуулсан цалингийн системд шилжих, багийн Засаг даргыг улс төрийн хамаарлаас гаргах, багийн ИНХ-ын даргыг орон тооны болгох гэх мэт саналыг ажил хэрэг болгож шийдвэрлэж өгөхийг оролцогчид хүслээ.

Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөвчлөх ажлууд үр дүнгээ өгч байгаа, энэ шинэчлэлийнхээ хүрээнд анхан шатны нэгж болох баг, хорооноос иргэдэд үзүүлэх ажил, үйлчилгээг зөв удирдлага, зохион байгуулалтад оруулах бодлогыг талархан дэмжиж байгаагаа Засаг дарга нар илэрхийллээ. 

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар багуудын ажлын нөхцөл байдлыг судалж, хүндрэл бэрхшээлийг нь шийдвэрлэхээр бүх аймагт ийнхүү хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгийн удирдлагуудын дэвшүүлсэн саналыг багийн шинэчлэлийн бодлогод тусгана гэж хэлэлцүүлгийг удирдан явуулсан ЗГХЭГ-ын ахлах референт Ш.Бямбаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж