
Малайзын агаарын тээврийн компани МН370 дугаар нислэгт багтаж, Боинг 777-200 онгоцтой хамт сураггүй болсон зорчигч тус бүрийн гэр бүлд 5000 ам.долларын нөхөн олговор өгөхөөр болжээ. Энэ нь зорчигчдын ар гэрийнхний уй гашууг нимгэлэхээр өгч буй нөхөн төлбөрийн багахан хэсэг аж. Малайзын агаарын тээврийн компанийн албаныхны мэдээлснээр цаашид МН370-р нислэгт зорчигч тус бүрт хэдэн сая ам.долларын нөхөн олговор өгөх гэнэ. “CNN”-д мэдээлснээр зорчигчдын ар гэрийнхэн цаашид олон төрлийн нөхөн олговроос ойролцоогоор 400 мянгаас гурван сая хүртэлх ам.долларыг авах боломжтой тухай “Ribbeck Law Chartered” хуулийн фирмийн хуульч Моника Келли тооцон гаргажээ.
“Монреалын конвенци” нэртэй олон улсын гэрээний дагуу Малайзын агаарын тээврийн компани зорчигч тус бүрт 150 мянгаас 175 мянган ам.долларын нөхөн олговор олгох ёстой аж. Үүний зэрэгцээ Боинг 777-200 онгоц техникийн шалтгаанаар осолдсон нь тогтоогдсон нөхцөлд үйлдвэрлэгч компанийн зүгээс хариуцлага хүлээж, нөхөн олговор олгох ёстой юм.
Энэтхэгийн далайд осолдсон гэж дүгнэж буй Малайзын агаарын тээврийн Боинг 777-200 онгоцонд зорчигч, нислэгийн багийн гишүүд нийлээд 14 орны 239 хүн зорчиж явсан билээ.
Б.АНХТУЯА