Эрчим хүчний ухаалаг сүлжээг бий болгоно

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний ухаалаг сүлжээг бий болгоно


Эрчим хүчний сүлжээн дэх алдагдлыг бууруулах, дамжуулах ажиллагааны үр ашгийг өсгөх, эрчим хүчний тоноглолуудын ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон Сименсийн автоматжуулалтын салбар хооронд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр Эрчим хүчний яаманд боллоо.  

Санамж бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд “ЦДҮС” ТӨХК-ийн ТУЗ-ын дарга Д.Дэлгэрцогт, “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ны дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ц.Жаргалсайхан, “Сименс” ХК-ын дэд бүтэц, автоматжуулалтын салбарын дэд ерөнхийлөгч Роберт Деманн,  тус компанийн “Эрчим хүчний автоматжуулалт” ХК-ны захирал ноён Зенг Фенг нар гарын үсэг зурлаа.  

Энэхүү санамж бичгийн хүрээнд дамжуулах сүлжээнд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, Монгол Улсын улам бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахуйц хяналтын системийн шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Судалгааны үндсэн дээр тус компани хяналт удирдлагын систем ба дэд станцын автоматжуулалтын төхөөрөмжүүдийг нийлүүлэн, суурилуулж өгснөөр өндөр хүчдлийн дэд станцуудад технологийн дэвшил хийгдэх юм. 

Уг арга хэмжээнд Герман улсын элчин сайд Герхард Тиедеманн, Германы хөгжлийн банкны  Монгол дахь төлөөлөгчид оролцлоо.

ЦДҮС ТӨХК-ны дэд захирал Ц.Жаргалсайхан, “Сименс ХК нь Дэд бүтцийн салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, асар их туршлагатай тул бидний хамтын ажиллагаа харилцан ашигтай үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн бол “Сименс” ХК-ны дэд бүтцийн салбарын дэд ерөнхийлөгч ноён Роберт Деманн энэ үеэр “Монгол улсад тогтвортой, аюулгүй эрчим хүчний автоматжуулалтын  технологи нийлүүлэхээ илэрхийлж Сименс ХК нь Монгол улсын эрчим хүчний сүлжээний хөгжилд хувь нэмрээ оруулахаар хүчин чармайна гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж