Төрөлтийг чанаржуулъя

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Уур чинь хүрч магадгүй, гэхдээ үнэнийг хэлье. Сүүлийн жилүүдэд Монголд чанаргүй төрөлт л өндөр хувьтай байлаа. Энэ хэвээр үргэлжилбэл Монголын хүн ам гурван сая хүрээд ч улс орны хөгжилд ямар ч нэмэр байхгүй.

Өөрөөр хэлбэл, халамж хүртдэг хэсгийнхний төрөлт нэмэгдсэнээс биш баялаг бүтээгч нийгмийн хэсгийнхний төрөлт тун бага байх аж. Эцэггүй, гэр оронгүй дөрвөн хүүхэдтэй залуухан бүсгүй бол жишээ биш хандлага болжээ. Хорин нэгэн мянга, шинэ гэр бүл болсон бол 500 мянга, шинээр төрсөн хүүхдэд 100 мянга гээд үргэлжилсэн халамжийн бодлогын үр дүн гарч, төрөлт нэмэгдсэн. Гэхдээ хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарал тавих боломжоор тааруу, халамжлуулагч ангийнхан түлхүү төрж. Үүний гор нь ч эхнээсээ гарч өнөө нөхөд төрүүлсэн үрээ хазаж хайрч, заазуурдаж, зовоож байна.

Эсрэгээрээ баялаг бүтээгч, үр хүүхдийнхээ хүмүүжил, сурлага, боловсролд хөрөнгө оруулчих чадвартай хэсгийнхний төрөлт багасав. Шалтгаан нь голдуу зээл. Байрны, цалингийн, лизингийн зээлд хамрагдчихсан, хүүхэд төрүүлэх нь зээлээ төлөх боломжгүйд хүргэх нөхцөл нь олон гэр бүлийг хүүхэд төрүүлэхээс татгалзахад хүргэж байна. Эргэн тойрон, найз нөхөд, хамаатан саднаа хар даа. Хэн нь хэдэн хүүхэдтэй байгааг. Мөн яагаад хүүхэд төрүүлэхгүй байгааг нь асуусан ч болно. Эдийн засгийг чирж яваа ажил төрөлтэй, татвар төлөгч ангид багтах хэсэг голдуу нэгээс хоёр л хүүхэдтэй байхад, ажил орлогогүй өөрсдийгөө яая гэсэн “хүнд гар”-ууд л хүүхэд “үйлдвэрлэсээр”.

Үр удмаа үлдээх эрхийг нь хэн ч хязгаарлаж болохгүй, чадах ч үгүй. Гэвч төрүүлсэн хүүхдээ харж хандаж, анхаарч чаддаггүй хэсгийн төрөлтийг дэмжих бодлогоосоо татгалзаж, үр хүүхдэдээ анхаарал тавих боломжтой хэсгийн төрөлтийг нэмэгдүүлэх бодлого барьж болохгүй гэж үү. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь хүүхэд төрүүлэхээр болсон тохиолдолд зээлийн үндсэн төлбөрөөс нь чөлөөлөөч гэсэн санаа. Мэдээж энэ хугацаанд хүүгийн төлбөрийг нь төлөөд явах боломжтой. Өөрөөр хэлбэл, банкинд ч ашигтай, төрөөс ч гаргах зарлагагүй, зээлдэгч иргэдэд ч боломжтой. Тодруулъя. Зээл авах үед мэргэшсэн эдийн засагч нар гэр бүлийн орлого зарлагыг тооцоод төлж чадах хэмжээгээр нь зээл олгодог. Харин хүүхэдтэй болох сонголтыг хийхийн тулд гэр бүлийн хоёрын нэгнийх нь орлого багагүй хугацаанд байхгүй болох тул нөгөөгийнх нь цалингаас зээлээ төлөх, гэр бүлд шинэ хүн нэмэгдсэнээс урьдынхаасаа өссөн хэрэглээний зардлаа хангах гээд тооцооллууд гарч ирнэ. Монголбанкнаас тооцсон үндсэн аргачлалаар буюу ихэнх банк зээлийн төлөлтөө “тэнцүү төлбөрийн аргачлал”-аар боддог. Энэ аргачлалаар зээлдэгчийн сар бүр төлөх мөнгөний хэмжээ тэнцүү. Үндсэн төлбөр хүүгийн төлбөр нь сар бүр өөр өөр байдаг. Үндсэн төлбөр гэдэг нь тухайн зээлийн нийт хэмжээг бууруулж байдаг төлбөр бөгөөд харилцагчийн төлж буй төлбөрөөс тухайн хугацаанд бодогдсон хүүгийн төлбөрийг хасаад үлдсэн дүн нь үндсэн зээлийн төлбөр болдог. Харин хүүгийн төлбөр гэдэг нь тухайн зээлсэн мөнгөн дүнг банкны хүүгээр хувилан тооцсон дүн бөгөөд хүүгийн төлбөрийг төлсөнөөр зээлийн үндсэн дүн бүүрахгүй банкны мөнгө зээлүүлснээр олж буй ашиг болдог. Иймээс банк зээлүүлсэн мөнгөнийхээ хүүг бүрэн авч байгаа ямар ч тохиолдолд ашгаа олж байдаг гэсэн үг. Жишээлбэл, Та нэг сая төгрөгийн зээл авъя гэж тооцъё. Үүний хүү нь сард 1,9 хувь. Хугацаа нь 12 сар гэе. Ийм тохиолдолд сар бүр хүүгийн төлбөрт 19 мянган төгрөг төлнө. Харин тэнцүү төлбөрийн аргачлаар тооцвол  сар бүр төлөгдөх хэмжээ 110 мянган төгрөг гэсэн үг. Хэрэв үндсэн төлбөрийг нь түр түдгэлзүүлчихвэл зээлдэгчийг жирэмсний амралтаа авах үед нь 110 мянган төгрөгөө заавал төл гэж шаардахгүйгээр хүүгийн төлбөр болох 19 мянган төгрөгөө аваад байж болох сонголт юм.

Энэ бол байж болох ганц л жишээ. Үүнээс өөр олон олон боломжийг бодлого боловсруулагчид мэдэж л байгаа.

Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн асуудлаа шийдэж чадаагүй байж халамж хүртэгч хэсгийнхний төрөлтийг төрөөс дэмжсээр л байх уу. Гурван сая дахь иргэнд шагнал өгнө гэх утга учиргүй марафоноос илүү төрөлтийг чанаржуулах бодлого л хэрэгтэй мэт.

Б.МАНДАХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж