Н.Удвал: Диализийн төвтэй болно

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Н.Удвал: Диализийн төвтэй болно

Н.Удвал сайд өнөөдөр Засгийн газрын дэргэдэх 11-11 төвд ажиллаж иргэдээс ирүүлсэн эрүүл мэндийн салбартай холбоотой асуултуудад харилут өглөө. Хамгийн олон давтагдсан, хамгийн их хариу нэхсэн асуултууд нь Гэмтэл согог сэргээн засах төвтэй холбоотой асуултууд байсан юм. Тус төвийн дарга удирдлагын маргаанаас болж, хэвтэн эмчлүүлэгсэд болон ажиллагсад хохирч байгааг иргэд хэлж байлаа. Хуучин дарга Ц.Энхбаяр нь тамга тэмдгээ хүлээлгэн өгөөгүйгээс болж эмнэлгийн эм тариа хүрэлцээгүй болж, ажиллагсад цалингүй байна гэсэн мэдээллийг Н.Удвал сайд эрс үгүйсгэж байлаа. Өнөөдрийг хүртэл сайдад тэр тухай  албан ёсоор мэдээлсэн хүн байхгүй, энэ бол улстөржүүлсэн цуу яриа гэж тэрбээр дүгнэлээ. Тус эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцэж эрх аваад байсан А.Мөнхтайван ажлаа хүлээж авч амжаагүй байхдаа гуравдугаар сарын 25-ны өдөр буюу өчигдөр “Ар гэрийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон”-оо Эрүүл мэндийн сайдад мэдэгджээ. Тиймээс тус эмнэлэг дахиад л хэсэг хугацаанд даргагүйгээр үйл ажиллагаа явулахад хүрсэн юм байна. Дараагийн дарга тодортол тус эмнэлгийн орлогч дарга асуудлыг шийдэж явна гэсэн хариултыг Н.Удвал сайд өгч байна.

Эрүүл мэндийн салбарын бусад олон асуудлыг хөндсөн асуултад сайд хэрхэн хариулсныг доор сийрүүлэв.

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өрх, сумын эмнэлгүүд өгч байгаа. Гэтэл эдгээрт ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнуудын ур чадвар, хүрэлцээ, мэдлэг тун ядмаг байгаа. Үүнийг хэрхэн засах вэ?

-Өнөөдөр эрүүл мэндийн салбарын гол ачааг үүрч байгаа эмч, мэргэжилтнүүд нь өрх болон сумын Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар байдаг. Тэдгээрт ажиллагсдын ур чадвар, мэдлэгийн хувьд харилцан адилгүй байгаагаас нэр хүнд нь доогуур байхыг үгүйсгэхгүй. Бидэнд ирдэг гомдол, саналын дийлэнх нь ч энэ талаар байдаг. Тиймээс өрхийн эмнэлэгт хамгийн дадлага туршлагатай, сэтгэлтэй хүмүүсийг ажиллуулахад анхаарч ажиллана. Өрхийн эмнэлгийн үйлчилгээ  сайжирчихвал дараа дараагийн шатны эмнэлгийн ачаалал ч буурна. Нөгөөтэйгүүр иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох ажлыг сайжруулах чухал байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь  эмчилж эдгэрүүлэхээс хямд тусдаг. Хамгийн наад зах нь цус харвалтын талаарх ойлголтыг олон нийтэд өгөх хэрэгтэй байна. Гэртээ цус харвадаггүй улс орон болохыг зорьж байгаа. Хаана ч орсон даралтаа хэмждэг аппарат бэлэн байхаас эхлээд хийх ажил бас бий. ЭМШУИС-ийн оюутнууд дадлагынхаа хугацаанд  хүмүүсийн даралтыг үзэж өгч байх санаачилга гаргасан.

Мөн энэ жилдээ багтаан элэгний хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгийг улс орон даяар хийхээр бэлтгэж байна. Бүх нийтийг хамарсан энэхүү үзлэгийг тодорхой удирдамжийн дагуу явуулах учир бэлтгэл ажил их байна.

-Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр ямар ажил зохиож байгаа вэ?

-Энэ оныг эрүүл мэндийн салбарын хэмжээнд Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Энэ дагуу ихийг хийхээр төлөвлөсөн. Баасан гариг бүр яаман дээр эх хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийг сонсч байна. Хаана хэдэн хүүхэд төрөв, тэднээс хэд хэчнээн нь эрүүл, хэд нь ямар шалтгаанаар өвдсөн гээд бүхий л мэдээллийг авч байгаа. Энэ он гарснаас хойш гуравдугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд 124 хүүхэд төрөлхийн гажигтай төрсөн байгаа. Эдгээр хүүхдүүдийн өвчний шалтаг шалтгаан, цаашид хэрхэн эмчлэх тал дээр ярьж зөвлөж байгаа.

-Эмнэлэгт хэвтэж байгаад өөд болсон хүнд заавал задлан шинжилгээ хийнэ гээд байх юм. Үүнийг ар гэрийнхний зөвшөөрлөөр хийж болох уу?

-Эмнэлэгт эмчлүүлж байгаад өөд болсон хүн бүрт задлан шинжилгээ хийж, тухайн эмнэлэг, эмчийн эмчилгээг үнэлдэг тушаал заавар бий. Энэ дагуу тавьсан шаардлага байх.

-Монголдоо эмчлэх боломжгүй өвчин туссан бол төрөөс ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Манай улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт бий. Уг жагсаалтад нийт 33 өвчин багтсан байдаг. Тэдгээр өвчин туссан хүмүүс гадаадын улс оронд эмчилгээ хийлгэхээр бол Эрүүл мэндийн сайдын багцаас 1-5 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн тусламж үзүүлдэг.

-Эрүүл мэндийн даатгал төлдөг ч хөнгөлөлт үйлчилгээг авч чадахгүй байна. Тиймээс даатгалд төлсөн мөнгийг хүртээмжтэй болгоход анхаарч өгнө үү?

-Манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо эв санааны нэгдлийн тогтолцоотой. Таны төлсөн мөнгө танд ирэхгүй ч нөгөөд тус болдог гэсэн үг. Нийт даатгуулагчдын маань цөөнгүй хувийг хүүхэд багачууд, өндөр настнууд эзэлдэг. Тэдний эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Сар тутам 720 төгрөг буюу жилд 8640 төгрөгийг төр төлж байгаа. Үүний сацуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид дээд тал нь 1,2 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авдаг. Энэ бүхнийг эрүүл мэндийн даатгалын мөнгөөр санхүүжүүлдэг.

-Эмч нарын цалинг гурван сая хүртэл төгрөгт хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Үүнийг ямар судалгаанд үндэслэж гаргасан бэ. Эмч нарын ачаалал хэр байгаа вэ?

-Өнөөдөр эмнэлгийн эмч, сувилагч ажилтнуудын цалин бодит үнэлэмжээс хамаагүй бага байгаа. Бодит үнэлэмж дундаж нь 1,6 сая гэж гарсан. Бодит үнэлэмжийн дээд хэмжээ гурван сая гарсан. Эмч ажиллагсдын ажлын ачааллыг 1986 оноос хойш огт тооцоогүй юм билээ. Тэр үед дотрын эмч 20 минутад нэг өвчтөн үзэж байсан бол одоо найман минутад нэг хүн үзэж байгаа. Энэ мэт эрүүл мэндийн тогтолцоонд судлах хийх ажил их бий.

-Бөөрний дутагдалтай хүмүүст диализийн аппарат хүрэлцэхгүй байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Өнөөдөр манай улсад бөөрний архаг дутагдалтай 500 гаруй хүн бий. Өмнөх Засгийн газрын үед ганцхан нэгдүгээр эмнэлэгт л диализийн аппараттай байсан бол шинэчлэлийн Засгийн газар гарснаас хойш аппаратын тоог 38 болгон нэмэгдүүлсэн. Дахин 20 аппарат нэмэгдүүлэхээр шийдсэн. Одоогоор улсын клиникийн эмнэлэг болон бүсийн оношилгооны төвүүдэд байгаагаас гадна аймаг бүрт диализийн аппараттай болно гэсэн үг. Хойшид бөөрний өвчтэй хүмүүст үйлчилдэг Диализийн төвийг концессийн гэрээгээр байгуулахаар ярьж байна. Хувийн хэвшлийнхэн байр байшин, диализийн аппаратаа бэлдчихвэл төр эмчилгээ, үйлилгээнийх нь зардлыг төлөөд хүмүүсээ эмчлүүлээд явна гэсэн үг. Түүнчлэн бөөрнйи эмгэг илрүүлэх шээсний шинжилгээг өрх, сумын эмнэлгийн төвшинд хийдэг болчихвол хүн амын дундах бөөрний өвчлөл буурах магадлалтай. Энэ бүхнийг бөөр хамгаалах стратегид багтаасан.

-Эмийн үнэ өндөр байгаа. Эмчийн бичсэн жороор эм тариа авах гэхээр зарим нь гаргаж танихгүй байх нь бий. Энэ бүхнийг хэрхэн цэгцлэх вэ?

-Эмийн үнэ өндөр байгаа нь үнэн. Улсын хэмжээнд 2003-2013 эмийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, хэрэгжүүлсэн. Уг бодлогыг хэрэгжүүлж эхлэх үед эм, тарианы олдоц муу, хүрэлцээ хангамж тун бага байсан. Харин одоо бол эм элбэг үнэ өндөр болоод байна. Тэгэхээр эмийн талаар баримтлах бодлогын хоёр дахь шатыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Удахгүй Засгийн газарт өргөн барина. Түүнийг хэрэгжүүлээд эхлэхээр эмийн асуудал цэгцэрнэ. Гэр хороолол дахь эмийн санг нэмэгдүүлэх, цахим жорын системд шилжүүлэх зэрэг олон чухал ажлыг хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн сайд ийн хариуллаа. Н.Удвал сайдын хувьд эрүүл мэндийн 50-60 хувь нь тухайн хүний өөрийнх нь гарт байдаг гэдгийг иргэдэд сануулахыг хүссэн юм.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж