Макүүчид анх удаа түрүүлж сүмогийн дээд цолд хүрсэн түүнийг ёкозуна болгох эсэхийг холбооныхон хурлаараа шийдсэн. Башё дөнгөж дуусмагц ояката нарын хурал болж Какурюүг 100 хувийн саналаар ёкозуна болгохыг дэмжсэн. Харин өчигдөр сүмогийн холбооны дэргэдэх аваргуудын зөвлөлийн хурлаар Какурюүд ёкозуна цол олгохыг санал нэгтэйгээр дэмжжээ. Энэхүү хурал нь ердөө л 11 минут үргэлжилсэн байна. Тэд 71 дэх аваргыг хүлээн зөвшөөрөхдөө “Какурюү цаашдаа олон жил аварга цолтой барилдаж, амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ. Түүний аварга цолыг өнөөдөр Японы сүмогийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаас албан ёсоор батламжиллаа. Харин шинэ ёкозунагийн дэвжээнд гарах ёслол энэ сарын 28-нд болно. Энэхүү ёслолыг их аварга Таканохана зааж, удирдан хийлгэхээр болсон талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Мэргэжлийн сумод ёкозүнагийн дэвжээнд гарах ёслол үнрюүгата, ширанүйгата гэсэн хоёр янз байдаг аж. Тэгвэл Какурюү их аварга Асашёорюүгийн хийдэг байсан үнрюүгата гэдэг хэлбэрийг сонгосон байна.
Тэрээр 2001 онд мэргэжлийн сүмод хөл тавьжээ. Үүнээс хойш 13 жил барилдахдаа санданмэ болон макүүчид тус бүр нэг түрүүлэв. Харин уран барилдааны шагналыг долоо, гарамгай бөхийн шагналыг хоёр удаа хүртэж байсан юм. Какурюү мэргэжлийн сумод 83 башё барилдсаны эцэст ийнхүү ёкозуна цолд хүрч байна. Сумогийн түүхэнд 1958 оноос жилд зургаан башё зохион байгуулах системд шилжсэнээс хойш Какурюү хамгийн залуудаа сүмогийн дээд цолд хүрсэн бөхчүүдийн жагсаалтын долдугаарт эрэмбэлэгдэх болов. 1985 оны наймдугаар сарын 10-нд төрсөн тэрбээр 28 нас, долоон сартайдаа ийнхүү ёкозуна цолтон болж байгаа юм. Какурюү Японы мэргэжлийн сумо бөхийн холбоонд хандан эгчээрээ хүсэлт бичүүлж байжээ. Ингээд түүнийг хүсэлтийг сумогийн холбоо хүлээн авч арлын оронд улсынхаа нэр хүндийг гаргах сүмочдын эгнээнд нэгдэв.
Тэрээр эзэн хааны цом гардсаныхаа дараа “Намайг дэмжиж байсан Монголынхоо ард түмэнд баярлалаа. Та бүхний итгэлийг алдалгүй улам сайн барилдаж, илүү олон түрүү авахын төлөө хичээх болно. Удахгүй эрчимжүүлсэн бэлтгэлдээ орно. Эзэн хааны цом авч байх тэр үед хариугүй нулимс унагах шахсан шүү. Цол дагаж бяр гэж сайхан монгол үг бий. Тэр хэмжээгээр асар их хариуцлага оногдож байна гэж ойлгож байгаа. Тиймээс өмнөх барилдаанаа сайн нягталж хий багатай барилдаан гаргахыг хичээнэ” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Үүнээс гадна Какирюү тун удахгүй эх орондоо ирж цөөн хоногийг өнгөрүүлэхээр төлөвлөсөн тухайгаа ч дуулгав. 2009 оны тавдугаар сарын башёд анх цолтой бөхчүүдийн эгнээнд багтаж байсан тэрээр анх сүмод хөл тавихдаа “Би сайн сүмоч болно. Надад итгээд намайг дэмжиж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлт бичүүлж байснаа Японы хэвлэлүүдэд дурсан ярьжээ. Түүнээс онлайнаар ярилцлага авахыг хүсэхэд тун завгүй байгаагаа учирлаад таван асуултад хариулт өгөхөөр болов. Түүний хариултыг хүргэж байна.
-Та энэ башёд барилдахдаа өмнөхөөсөө илүү бэлтгэл хийсэн үү. Сэтгэлзүй болон биеийн хүчний бэлтгэлээ бүрэн хангаж чадсан байсан уу?
-Ер нь бэлтгэл их сайхан жигдхэн байлаа. Түүнийгээ дагаад сэтгэл санаа ч тайван байсан. Аль болох хий багатай, алдаа гаргахгүйн тулд хичээж барилдсан.
-Японы эзэн хааны цом гардаж байхад танд хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Сүмогийн дэвжээнд анх гарч байх болон эх орон минь бодогдсон. Бас төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярласан. Тэр үед нулимс унагах шахсан шүү.
-Таныг сүмогийн холбоонд хүсэлт илгээж байж багтсан гэж дуулсан. Шууд хэлэхэд ямар ч шалгуургүйгээр. Одоо тэр үеэ эргээд бодоход юу санаанд тань орох юм…
-Тэр захидлаар миний сүмогийн амьдрал эхэлсэн. Захидалаа явуулчихаад “Юу гэсэн хариу ирэх бол гээд” тэсэн ядан хүлээж билээ. Одоо эргээд бодоход би өөртөө зөв дүгнэлт, алхам хийжээ. Би сүмоч болоход яах ёстой тухай интернэтээс судалж байгаад мэргэжлийн сүмо бөхийн холбоо руу захидал илгээсэн. Гэхдээ эгчээрээ дамжуулж япон хүнээр бичүүлж байлаа.
-Манай гурван аварга таньтай мэдээж уулзсан байх. Сүүлийн өдрийн барилдааны өмнө болон дараа нь ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Барилдаан эхлэхийн өмнө надад тэдэнтэй уулзах боломж гараагүй ээ. Д.Дагвадорж аварга ирсэн байсан нь надад сайхан санагдсан шүү. Намайг үзэгчдийн дундаас үнэхээр зүрх сэтгэлээсээ дэмжиж байгааг би мэдэрсэн. Би улам эрч хүчтэй болж монгол хүн ямар байх ёстойг харуулахыг зорьсон. Тэгээд л тэр хүсэлдээ автагдаж давсан. Сүүлийн барилдаан дууссаны дараа гурван аварга маань надад баяр хүргэж тэврээд далан дээр алгадсан.
-Аварга хэмээх цол хүртэхээр таны зорилт, зорилго өмнөхөөсөө өөрчлөгдөх юм уу. Сүүлчийн барилдаанд дэвжээн дээр гарахдаа биеэ барьсан уу?
-Одоохондоо цаашдын зорилт, зорилгоо бодож амжаагүй л байна. Энэ том цолыг хүртсэн юм чинь улам хичээж барилдахыг хамгийн түрүүнд ойлголоо. Сүүлийн өдөр зөвхөн барилдаандаа анхааралаа хандуулахыг хичээсэн. Өмнөх шиг ээ тайван барилдсан.
“ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин